Г.Бадрал: БНХАУ-аас гахай, тахианы мах оруулж ирэхийг түр хориглоно    

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.05/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар ОБЕГ-ын дарга Г.Бадрал хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. 


-Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, ямар шийдвэр гаргав. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт олон тоогоор нэмэгдэж байна. Нас барсан хүний тоо хоногт 60 гаруйгаар нэмэгдэх боллоо. БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн шийдвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон. 

-Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас импортоор орж ирдэг гахай болон тахианы махыг хориглосон гэж үү?

-Тийм. Улсын Онцгой байдлын комисс маргааш дахин хуралдана. Хуралдаанаас гарсан БНХАУ-д шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. 

-Өөр ямар шийдвэрт гаргав?

-Манай улс БНХАУ-тай хиллэдэг. Шинэ коронавирусийн тохиолдол улам нэмэгдэж байна. Тиймээс хил залгаа гэдэг утгаараа Монгол Улс ч яах аргагүй шинэ төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Дөрвөн боомтоор иргэдийг оруулж байна. Саяхан л гэхэд 360 орчим иргэн орж ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тиймээс хилийн боомтуудын халдвар хамгаалал нэлээд ярвигтай болж байна. Ялангуяа Замын-Үүд боомт. Тиймээс боомтууд дээр онцгой комиссын ажлын хэсэг ажиллахаар болсон. Халдвар хамгаалалт дээр эмнэлэг, гаалийн байгууллагын хангамж, хүрэлцээ ямар байгаа вэ гэдгийг шалгаж газар дээр нь ажиллах Ажлын хэсэг маргааш /өнөөдөр/ нисдэг тэргээр хөдөлнө. 

-Хөрөнгө, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал Эрүүл мэндийн яамнаас нэлээд өндөр дүнтэй орж ирсэн. Манайд бол эмнэлэг болгон өвчтөнүүдийг хүлээж авах бол дэлхий нийтэд энэ өвчинд зориулан тусгайлан бие даасан эмнэлэг гаргаж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам судлаад яг ямар эмнэлгийг тусгаарлаж зөвхөн шинэ вирусийг эмчлэх вэ гэдэг шийдвэр гаргана. Тэгэхээр өвчилсөн хүмүүсийг хүлээж авдаг нэг эмнэлэгтэй болно гэж ойлгож болно. Эдгээр асуудлыг дахин хуралдаж шийднэ. Шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно. 

-Эрүүл мэндийн яамнаас яг ямар эмнэлгийг тусгай эмнэлэг болгох боломжтой гэж үзэж байгаа юм бэ?

-Ямар нэг барилга байгууламжийг худалдаж аваад эмнэлгийн зориулалтаар ашиглана гэдэг хэцүү. Тиймээс төрийн эмнэлгүүдийг судлах юм. Яг аль эмнэлгийг ашиглах гэдэг шийдвэрээ өнөөдөртөө багтаж гаргана.

-Ингэхэд Дархан-Уул аймагт шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг ярилцав уу?

-Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр нэг иргэн БНСУ-аар дамжаад ирсэн юм билээ. Одоо батлагдсан зүйл байхгүй. Гэхдээ тусгаарласан байгаа гэж байна. Тэр эмэгтэй аавтай уулзахаар Дархан-Уул аймаг явсан юм билээ. Өөр мэдээлэл алга.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.27.135) 2020 оны 02 сарын 05

Bur moson horioch,! oorsdoo ideh yumgui sarisan bagvaahai ideed ovdood baigaa ulsaas yamar yumnii mah oruulj ireh ve! Dan genii oorchlolttei amitad. Interneeteer duuren bichleg baina. Olon jil Mongolchuudaa horduullaa odoo horihgui bol ard tumen ta nariig horih bolno shuu !

0  |  0
Top