Хамгаалагч залууг зодсон тамирчдыг Х.Баттулга сайд клубээсээ хөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21


 Өнгөрсөн 4-р сарын эхээр  Жудо бөхийн ОУХМ   “Хангарьд” спорт хорооны тамирчин С.Ням-Очир, “Женко” группын бөх Улсын аварга Сугаржаргал, Баянжаргал нар “Face” баарны хамгаалагч 22 настай залууг ажлаа хийж байхад нь бүлэглэн зодож нүүрийг нь цөмлөн нурууг нь хугалснаар барахгүй доод биеийг нь мэдээгүй болгосоны улмаас тэр залуу өдгөө өтгөн шингэнээ доогуураа шууд гаргадаг болсон талаар ээж нь хэвлэлийн бага хурал хийсэн билээ.  Энэ явдал нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгийг жудогийн холбоонд харуулаад  байна. Тухайн хэрэгт холбогдсон залуус танил талаа ашиглан уг хэргийг үйлдээгүй мэт болгож хэрэг гарсны дараа “Face” бааранд очиж бичлэгийнх нь хагасыг устгаж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хуурамчаар гаргуулж хэргээс мултрахыг оролдсон ч  тэдэнд зодуулсан хамгаалагч залуу олон сая төгрөгөөр Тайландад нурууны хагалгаа хийлгэсэн ч одоог хүртэл хөл дээрээ босож чадахгүй байгаа юм. ОУХМ С.Ням-Очирын хувьд урьд нь бас архидаж байгаад хүн зодож 200 мянган төгрөг өгөөд салж байжээ.  Энэ хэргээс үүдэн Жудогийн холбооны ерөнхийлөгч, ЗТБХБЯ-ын сайд Х.Баттулга хоёр тамирчныг “Женко” клубээс хөөжээ. Тэд хохирогчийн ээжтэй уулзахдаа уг хэргийн талаар Х.Баттулга сайдад битгий хэлээрэй хэмээн гуйж байсан удаатай аж. Тэднийг өмссөн хувцастай нь хөөж гаргасан нь бусад тамирчдад нь таалагдаагүй гэх яриа ч чих дэлсэх боллоо. Хохирогчийн талаас эмчилгээний төлбөр, цаашлаад хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа ч төдийлөн тодорхой зүйлд хүрч чадахгүй байгаа ажээ. Хэдийгээр хөөгдсөн жудочид  олимпиос медаль авчирч магадгүй тамирчдын тоонд багтаад байсан ч  Х.Баттулга сайд дээрх хэргийг тэвчиж өнгөрөөгөөгүй бололтой.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top