ТӨСӨВ 2022: Төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх орлогыг 2 дахин өсгөнө

2021 оны 09 сарын 30

Засгийн газраас 2022 оны улсын  төсвийн төслийг өнөөдөр /2021.09.30/ УИХ-д өргөн барилаа. Ирэх жилийн төсвийн орлогыг 16.4 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар төсөлд тусгаад буйг өмнө нь мэдээлсэн. 

 

Цар тахлаас хамаарсан эрсдэл гадаад, дотоод аль аль талдаа байгаа энэ үед төсвийн орлого, зарлагын хэт өөдрөг төсөөлөл анхаарал татаж буй. Төсвийн орлогын тооцооллыг боловсруулахдаа нүүрсний экспортыг 36.7 сая тонноор тусгасан. Мөн төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудыг дараах байдлаар томъёолжээ.

 

  • Төрийн өмчийн компанийн шинэчлэл

 

  • Гадаад худалдааг хөнгөвчлөх

 

  • Татварын суурийг өргөжүүлэх гэж тодотгож байна.

 

Тухайлбал, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй ч, төсөвт жилдээ 200 хүрэхгүй тэрбум төгрөг л оруулдаг төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавьжээ.

Сануулахад, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ сарын эхээр  ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулга, мэдээллийг хийсэн.

2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн.

Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж буй компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн асуудал өнгөрсөн хавар засгийн хуралдаан дээр яригдаж байв.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  өгсөн мэдээллээр,  улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top