16 их наядыг олж, 18 их наядыг зарцуулах төсвийн АМБИЦ нь хэтрэх вий...

2021 оны 09 сарын 30

Ирэх 2022 онд Монгол Улс хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн зарлага гаргахыг тооцсон төсвийн төслийг өнөөдөр /2021.09.30/ Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн онцлогийг тодотгохдоо “2019 оноос хойш үргэлжилж байгаа эдийн засгийн цохилт, уналтыг тогтворжуулах, улмаар дунд, урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон, нэлээн амбицтай, хатуу зорилго тавьсан төсөв боллоо. Ирэх онд бид хөгжлийн төлөөх төсөв хийж байгаа. Бидэнд маш олон том сорилтууд байна. Дэлхий нийтээрээ цар тахлын үеийн хүнд эдийн засгийг туулж байна. Ирэх онд харьцангуй бүх нийтээрээ эдийн засгийн тэлэлттэй жилийг хүлээж байна. Бид дэлхийн том эдийн засгийн интеграцичлалд байдгийн хувьд эдийн засгийн өсөлтөө хангахад бэлэн байх, төсвийн шинэчлэлтүүдийг үргэлжлүүлэхэд бэлэн байх ёстой” гэсэн.

Тэгвэл өнөөдөр парламентад өргөн барьж буй, Б.Жавхлан сайдын хэлсэнчлэн "Амбицтай" төсвийн төсөлд тусгасан орлого, зарлагын аль аль нь түүхэн өндөр үзүүлэлт болж байна.

Ирэх оны төсвийн зарлагыг 16 их наядаар тооцож төсөлд тусгахаар Засгийн газрын хурлаар хэлэлцэж буй талаар манай сайт өчигдөр мэдээлж байсан.

Тэгвэл төсвийн төслийг өнөөдөр өргөн барих үед зарлагын тооцоолол үүнээс өсөж,18.1 их наяд төгрөг болсон бол орлогыг 16.4 их наяд төгрөг байхаар албан ёсоор тусгажээ.

Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой, хөл хориогүй, 10 их наядын хөтөлбөр үргэлжилсэн хэвээрээ байна гэж үзэж, ийм орлого, зарлагыг тусгасан аж.

Төсвийн орлогын бүрдэлтийг тооцохдоо нүүрсний экспортын биет хэмжээг өндөр хувиар тооцож тусгаад байна. Тухайлбал, ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөлд тусгажээ. Алт, зэсийн экспортын биет хэмжээг бол энэ оны түвшинд байхаар тооцсон байна.

Нүүрсний экспортын энэ оны нөхцөл байдлыг аваад үзэхэд, 28.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон ч бодит байдал дээр 15.9 сая тонныг л гаргаж байгаа. Энэ нь манай дотоодын ковидын нөхцөл байдал, дэд бүтцийн сул байдалтай холбоотой.

Тэгэхээр нөхцөл байдал ийм байхад хэдэн жилийн дараах биш хэдхэн сарын дараах экспортын төсөөллийг төсвийн төсөлд хэт өөдрөгөөр  тусгачихав уу гэж харахад хүргэж байна.

Хэдийгээр ирэх оны хоёрдугаар хагаст төмөр замын тээвэр эхлүүлэх, жолоочгүй тээврээр нүүрсний экспортыг шийдвэрлэхэд анхаарч байгаа ч нөгөө талаас гадаад зах зээлийн нөхцөл байдал, эрэлт тогтвортой байх эсэх дээр биднээс үл шалтгаалах эрсдэлүүд бий.

Түүнчлэн түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл гэх ойлголт нүүрс гэхээсээ зэсийн зах зээлд илүү хамаатайг санах ёстой. Гэвч Засгийн газар нүүрсний экспортод гол итгэл найдвараа ийнхүү өгч байна. Хэрэв энэ жил нүүрсний үнэ ингэж өсөөгүй бол төсвийн орлогод ихээхэн асуудал үүсэх байсныг хаа хаанаа мэдэж байгаа. Экспортын биет хэмжээ төсөвт тусгаснаас 13 орчим сая тонноор дутаж байгаа шүү дээ.

Гэсэн ч эрх баригчид ирэх оны хоёрдугаар хагаст эхлүүлэх нүүрс тээврийн шийдлүүддээ найдаж буй бололтой.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлогын харьцааг 35.1 хувь буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд байхаар тооцчихлоо.

Сангийн сайд Б.Жавхлан ч уул уурхайн түүхий эдийн экспортод эрсдэлүүд байгааг өөрөө хэлж байсан. Гэсэн ч үнийн өсөлттэй байгаа үед  экспортыг тултал хийнэ гэж үзэж, өндөр тоо тусгалаа.

Тэрбээр хэлэхдээ “Нүүрсний экспорт түүхэндээ хамгийн өндөр байсан нь 2019 он байдаг. Энэ жил 30  гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тооцож, тусгасан байсан боловч сая тодотголоор 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс л гарахаар байна. Экспорт биднээс шууд шалтгаалахгүй  нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ. Гэхдээ бид 2019 оны хүрч байсан түвшиндээ экспортоо  хийе ээ гэж зорьж, оруулсан. Өөрөөр хэлбэл 36.5 сая тонн нүүрс гаргая гэж тооцсон.Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Ирэх жил манай гол түүхий эдүүд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ бидэнд тохиромжтой байх нь. Энэ алтан боломж, цонх үеийг ашиглаж,  экспортоо тултал хийх ёстой. Үүний төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ  гэж харж байгаа.

Харамсалтай нь, хил нэвтрүүлэх экспортын процесс зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй. Хоёр улсаас шалтгаална. Аль аль талаасаа шинэ горимд зөвшилцөж байж экспорт амжилттай явах учраас үүний төлөө гадаад харилцаа, уул уурхай эрчим хүч тээвэр гээд бүхий л чиглэлд яамдууд хүчин чармайлтаа гарган ажиллаж байж экспорт амжилттай явна. Төмөр замаар гаргадаг  төмрийн хүдэр, зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа. Ирэх оны төсөвт 5-10 хувийн нэмэлттэй төсөвлөлөө” гэсэн юм.

 

Төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлууд нь

 

  • Төрийн өмчийн компанийн шинэчлэл
     
  • Гадаад худалдааг хөнгөвчлөх
     
  • Татварын суурийг өргөжүүлэх гэж тодотгож байна.

 

Тухайлбал, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй ч, төсөвт жилдээ 200 хүрэхгүй тэрбум төгрөг л оруулдаг төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавилаа.

Харин гадаад худалдааг хөнгөвчлөх асуудлын тухайд, их олон жил энэ талаар ярьж буйг энд хэлэх нь зөв байх. Манай улс  Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдээд олон жил болж буй ч гол шаардлагатай зүйлсдээ анхаарал хандуулалгүй өдийг хүрсэн.

 

Төсвийн 18.1 их наядын ЗАРЛАГЫГ ТОДОТГОВОЛ

 

  • Урсгал зардал – 13.3 их наяд төгрөг
     
  • Хөрөнгийн зардал  - 5.1 их наяд төгрөг
     
  • Эргэж төлөгдөх цэвэр зээл – 264.6 тэрбум төгрөг байхаар тооцжээ.


Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 1 их наяд төгрөг нь хөгжлийг дэмжсэн шинэ хөрөнгө оруулалтад чиглэсэн гэж Сангийн яамнаас танилцуулсан. Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагууд тавилга, ном хэвлэл,  зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах, яамд тээвэр шатахуун авах зэрэг зардлыг 100 хувь хэмнэнэ гэж үзжээ.

Харин дотоод томилолт, бичиг хэргийн зардыг 50 хувь хэмнэснээр, нийтдээ 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн тооцооллыг төсөвт тусгасан байна.

Дээрх хэмнэлт нь Эрүүл мэнд, онцгой байдал, Мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудад ХАМААРАХГҮЙ.


Ерөнхийдөө ирэх оны төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэлүүд хийгээд эдийн засгийн төлөв байдлыг аваад үзэхэд төсвийн бодлогын хэт тэлэлт эргээд эдийн засагт эрсдэл үүсгэх вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна. Сангийн сайдын тодотгоод байсан АМБИЦ бодит байдал дээр дэндүү томдчих вий. 

Нэгэнтээ тэлсэн төсвийг эргээд хумихад хэцүү. Коксжих нүүрсний богино хугацааны үнийн өсөлтөд тулгуурлан, орлогоо тооцож, улмаар хөрөнгө оруулалтуудаа санхүүжүүлнэ гэж буй нь хэт өөдрөг хийгээд эрсдэлтэй төсөөлөл гэдгийг хэлэх эдийн засагч байна.

Төсвийн бодлогоор дамжсан мөнгөний нийлүүлэлт зорилтот бүлэг рүүгээ очиж чадахгүй бол мөнгөний ханшийг улам унагах, мөнгөний үнэгүйдэл бий болгох эрсдэл хол биш. Бүтээн байгуулалтаар дамжин, эргээд эдийн засгийг тэтгэхийн оронд эсрэгээрээ инфляцыг өсгөчих вий гэсэн болгоомжлол дагуулж байна. Энэ оны сүүлээр хоёр оронтой тоонд хүрэх төлөвтэй байгаа үнийн өсөлт өшөө илүү нэмэгдвэл горыг нь та бид бүгдээрээ  улс нийтээрээ бодитоор үзнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.45.138) 2021 оны 10 сарын 01

Төсөв хөөсрүүлж байгаад улсаа тонодог ждүчдийн шинэ давалгаа эхлэв бололтой. Ардчилсан социалист луйварчид энэ улсыг дампууруулахаар нэг мөсөн шийдэв шиг байна.

0  |  0
Top