Бороотой өдөр унших ШҮЛГҮҮД I Бороог далимдуулж зөндөө уйлсан...

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Бороо орж байна. Энэ бороо хэдэн өдөр үргэлжлэн шиврэх төлөвтэй байгаа. Бороотой өдөр та юу хийдэг вэ? Усны гутал, цуваа өмсөөд гадуур алхмаар санагддаг уу? Аль эсвэл яг одоо танд хав халуун кофе хэрэгтэй байна уу. Аль нь ч байлаа гэсэн та бороотой өдөрт дуртай бол бидний санал болгох бороонд "дурласан" шүлгийн мөртүүдийг таалан болгоохыг хүсэе


А.Эрдэнэ-Очир - Тавдугаар сарын бороо


Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!
 

♦               ♦             ♦

Л.Өлзийтөгс - Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...
 

♦                    ♦                  ♦

Г.Аюурзана -

(Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг...)

 

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо...

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

 

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

 

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо...
 

♦             ♦            ♦

Ц.Дэлгэрмаа - Бороо далимдуулж зөндөө уйлсан

Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
 

♦                   ♦                ♦

Д.Баттогтох - Сарны охин

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
"Дөрвөн уул"-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж "Одоо л чамайг оллоо" гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм...
 

♦              ♦            ♦

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top