ХӨНХӨРИЙН ЧОЙЖИЛЖАВ
(1935-2026)
Монгол Улсын малын гавьяат эмч, төр, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач, зохиолч, Хөнхөрийн Чойжилжав нь 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, шавь нар, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Хөнхөрийн Чойжилжав нь 1935 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Дуут нуурын дэнж дэх “Бор шороо” хэмээх газар төрж, 1944 онд сумын бага сургуульд элсэн 1955 онд Завхан аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1960 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1972 онд Москва хотод Коммунист намын дээд сургууль, 1976 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг тус тус төгсөж, малын их эмч, сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1960-1963 онд Завхан аймгийн мал эмнэлгийн сум дундын салбарын эрхлэгч, малын их эмч, 1963-1966 онд Хөдөө аж ахуйн сайдын нарийн бичгийн дарга, Шинэ бүтээл, оновчтой саналын комиссын нарийн бичгийн дарга, 1966-1970 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын нарийн бичгийн дарга, 1972-1989 онд “Шинэ хөдөө” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Үнэн” сонинд сурвалжлагч, тоймч, 1989-1992 онд Завхан аймгийн орлогч дарга, Отгон сумын Засаг даргаар ажиллаж байв.
Хөнхөрийн Чойжилжав нь монголын бэлчээрийн мал аж ахуй, байгалийн гамшигт үзэгдэл, малчдын уламжлалт мэдлэг болон үндэсний бөх, шагай, шатар зэрэг ардын тоглоом, наадгайн талаар 50 гаруй жил тууштай судалгаа хийж, “Монголд ган зуд хэрхэн болдог”, “Малын зан араншин, түүний ангилал”, “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ажлын шинжлэх ухааны үндэс” зэрэг нийт 108 ном, өгүүлэл, нийтлэл бичиж мал аж ахуйн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан юм.
Х.Чойжилжав нь 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн Хуулийг хэлэлцэн батлалцаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Малын гавьяат эмч цол хүртээжээ.
Монгол Улсын малын гавьяат эмч, төр, нийгмийн зүтгэлтэн Хөнхөрийн Чойжилжав Таны хөдөө аж ахуйн салбарын хөгжил, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ,
Б.ЖАВХЛАН,Б.БЕЙСЕН, Ц.ИДЭРБАТ, Б.ТҮВШИН,
Ш.МЯНГАНБАЯР, Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ

Сэтгэгдэл ( 0 )