Ц.Билэгтсайхан: Цэцэрлэг, сургуулиуд ХАЛДВАРЫН ГОЛОМТ болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.02.18) Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан манай улсын ковид-19 халдварын нөхцөл байдлыг олон улсынхтай харьцуулсан мэдээллийг  хүргэлээ. 


Тэрбээр "Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 414 сая хүн ковид-19-ийн халдвартай байна. Манай улс болон олон улсын аль алинд нь Омикроны давлагаа буурч байна. Альфа, дельта, гамма гэх өмнөх давлагаануудтай харьцуулахад Омикроны давлагаа 4-5 дахин өндөр байлаа. Харин манай улсад хамгийн өндөр давлагаа бол дельта байсан.

Сүүлийн долоо хоногт өвчлөл өндөр байгаа орнуудыг харахад манай улсын иргэд их зорчдог улсууд багтсан байна. Тухайлбал, Нэгдүгээрт манай хойд хөрш болох ОХУ байна. Хоёрдугаарт Герман, гуравдугаарт АНУ байна. Зургадугаар байранд Турк улс, долдугаарт Япон, аравдугаарт  БНСУ орсон байна. Тэгэхээр бид аялал хийхдээ өөрийгөө эрсдлээс хамгаалах арга хэмжээг орхигдуулж болохгүй. 

Тандалт судалгааны ажил ХӨСҮТ-д хийгдэж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр 13 кластер голомт бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд сурагчдын хичээл танхимаар орсонтой  уялдаад ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, их дээд сургуулиудад кластер тархалт үүсэж байна. 

Халдварын одоогийн нөхцөл байдлыг Омикроны давлагааны ид үетэй харьцуулахад орны тоо 50 хувиар буурсан байна. ХӨСҮТ-д нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай орны ачаалал улсын хэмжээнээс долоогоос найм дахин өндөр, харин хүнд буюу хүчилтөрөгчийн хэрэгцээтэй орны ачаалал 3-4 дахин өндөр байна.  

Энэ долоо хоногт засгийн газар болон УОК-оос тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэр бол нийгэм, эдийн засаг олон улсын харилцаа болон сургуулийн боловсролын хоцрогдлыг арилгахыг дэмжсэн шийдвэр байсан. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ эрсдэл бол буураагүй байна. 

ААН, байгууллага олон нийтэд нээлттэй байгаа ч гэсэн иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж, хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top