Манай улс умайн хүзүүний хорт хавдраар Зүүн Өмнөд Азид тэргүүлдэг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 15

ХСҮТ санаачлан 16 дахь жилдээ “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, хавдрын чиглэлээр ажиллаж буй 21 аймаг, дүүрэг, улсын төв эмнэлгүүд болон бусад эмнэлгийн эмч нар оролцож байгаа юм. Сэдэвчилсэн илтгэл, хэлэлцүүлэг 10 дугаар сарын 13-нд хурлын танхимд эхэлсэн. 10 дугаар сарын 14-нд үргэлжлүүлэн хуралдсан.

Монгол Улсын хэмжээнд хавдар өвчнийг эрт илрүүлэх ажилд ахиц гарсаар ирснийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нь эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна өөрсдийн ажилд шүүмжлэлтэй хандаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг байнга зэрэгцүүлэн хийж ирсний ач тус гэдгийг тус салбарынхан дүгнэдэг юм байна. Иймээс эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол өсөж, жилээс жилд хүрээгээ тэлсээр иржээ. Энэ жилийн хувьд хавдрын тулгамдсан асуудлын нэг болох  “Толгой хүзүүний хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент” гэсэн асуудлаар салбар хуралдаан зохион байгуулав.

Мөн “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, хүний хөхөнцөр вирусний оношилгооны асуудал”, “Хавдрын дүрс оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр салбар хуралдаан хийлээ. Өнөөдөр тус салбарынхан “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2022” сэдвээр үндсэн их хурлаа хийж байна. Энэ жилийн нэг онцлог нь ХСҮТ толгой, хүзүүний хавдрын оношилгоо, эмчилгээний тасагтай болсны 30 жилийн ой тохиож буй.

 

 

Тэгвэл 1993 онд АУДС-ийг төгсөж, ХСҮТ-ийн толгой, хүзүүний мэс заслын кабинетад томилогдсоноор 29 жил энэ чиглэлээр ажилласан анхны эмч нарын нэг Д.Мөнхцэцэг “Энэ тасаг 1992 оны нэгдүгээр сард, УНТЭ-ийн эрүү нүүрний мэс заслын их эмч, Н.Оюун багшийн санаачилгаар байгуулагдаж байлаа. Тэр үед орчин үеийн тоног төхөөрөмжүүд хангалттай байгаагүй. Шүдний эмч нарын хэрэглэдэг ганц кресло, эмчийн сандал, ширээ, духан дээр зүүдэг гэрэл гэх мэт багажтай. Шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээг хамтад нь хийдэг. Эхо аппарат, хамар, төвөнх, нармай үздэг шулуун болон уян дуран байхгүй. Зөвхөн гараар үздэг, тархи ажиллуулдаг, нүдээрээ харж байж онош тавьдаг байсан” хэмээн дурссан.

Тэгвэл энэ чиглэлд гарсан ололт, амжилтын тухай Толгой хүзүүний нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ц.Одонтунгалаг хэлэхдээ “Дээхнэ үед туяа эмчилгээ голдуу хийгддэг байсан. Сүүлийн үед мэс заслын эмчилгээний тасаг байгуулагдсанаар том дэвшил гарсан. Тухайн үед духандаа чих, хамар хоолойн эмчийн толь зүүчихээд гэрлийн тусгалаар /төвөнхийн толь/ аманд нь гэрэл тусгаж хардаг байсан. Одоо бол дурангаар хардаг. Уян дурангаар шинжилгээгээ авдаг. Оношилгооноос эхлээд техникийн дэвшилд хүрсэн. Шинэлэг аргуудыг нэвтрүүлэх талаар энэ хурлаар ярьж байна” гэв.

Сүүлийн үеийн мэдээллээр манай улс умайн хүзүүний хорт хавдрын үзүүлэлтээр Зүүн Өмнөд Азийн бүс нутагт тэргүүлж байгаа. Тэгвэл улсын хэмжээнд өдөрт хоёр хүнээс илэрч, нэг нь нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан нь сэтгэл эмзэглүүлэх болсон. Мөн умайн хүзүүний хорт хавдар нь бусад төрлийн хавдрыг ч бас үүсгэдэг болох нь тогтоогдоод байгаа билээ. Тэгвэл олон улсын жишигт урьдчилан сэргийлэх вакциныг 9-13 насны охид төдийгүй хөвгүүдэд хийж эхэлсэн мэдээлэл байгаа юм. Иймд “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, хүний хөхөнцөр вирусний оношилгооны асуудал” салбар хуралдаан хэвлэлийнхэн болон олон нийтийн анхаарлыг төвд боллоо.

Энэ хурлыг зориуд зорьж ирснээ ч ДЭМБ-ын мэргэжилтэн С.Болормаа мөн онцлон хэлж байсан юм. Тэрбээр “Манай улсын хувьд  умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг өсвөр насны охидод сайн дурын үндсэнд хийж эхлээд байгаа. Бусад товлолын болон үндэсний дархлаажуулалтын системд оруулчихвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү үр дүнтэй”  хэмээн хэллээ.

 

“Эрт илрүүлгийн хувь нэмэгдсэн ч хангалттай биш байна”

 

ХСҮТ-ийн захирал, их эмч Н.Эрдэнэхүүгээс хавдар өвчний талаарх сүүлийн үеийн мэдээлэл, эмчилгээ, оношилгооны талаар цөөн асуултад тодрууллаа.


-Хавдраар өвчилсөн хүний тоо өслөө, манай улс энэ үзүүлэлтээр дэлхийд дээ­гүүр орж байна гэж байнга мэдээ­лэгддэг. Нөгөө талаар энэ нь эрт илрүүлэг сайжирсных уу?

-Ер нь бол дэлхий дахинд хавдрын өвчлөлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Энэ нь ганц эрт илрүүлэг биш л дээ. Гэхдээ Монгол Улсын тухайд эрт илрүүлгийн хувь ихсэж байгаа. Эрт илрүүлгийн хувь ихэснэ гэдэг нь илрүүлж байгаа өвчлөл ихэснэ гэсэн үг. Тэгэхээр таны асуусан үнэн. Гэхдээ эрт илрүүлгийн хувь тийм ч хангалттай биш байна. Хэрэв бид эрт илрүүлгийн хувийг одоо байгаа 30 гаруй хувиас ядаж 60-70 хувьд хүргэчих юм бол маш олон өвчлөлийг эрт илрүүлнэ. Ингэж чадвал эрт илрүүлж байгаа өвчлөлийн тоо нэмэгдэж, хавдрын эмчилгээний үр дүн сайжрах боломжтой.

-Хавдрын олон төрөл байдаг, илрүүлэхэд юу анхаарах вэ?

-Хавдрын маш олон төрөл байдаг. Дэлхий даяар хэдэн мянгаар тоологдох төрөл бий. Нийлсэн хавдар, хэдэн мянган эсийн хавдар байна. Түүнээсээ  шалтгаалж эд эрхтнүүд дээр өөр өөрөөр илэрдэг. Эдгээр өвчнүүд илэрнэ. Оношилгооны чадавх бидэнд бий. Харин эмчилгээний чадавх дээр асуудал байгаа. Цаашид оношилгоо, эмчилгээний аль алийг нь сайжруулах шаардлагатай.

-Эмч нарт болон, ХСҮТ-д  тул­гам­даж байгаа асуудал юу вэ?

-Эмч нарын хувььд бид дэлхийтэй хөл нийлүүлэх нь чухал. Эмнэлгүүд өөрсдийн сургалтын төвүүдтэй байх ёстой. Цалин хангамж бусад асуудал тодорхой байх ёстой. Өдөр тутмын ажлаас гадна эмчилгээ, үйлчилгээнд шинэ технологи оруулж ирэх болом­жууд бүрдсэн байх ёстой. Үүний зэрэгцээ хавдар судлал гэдэг үүднээс Монгол Улсын хэм­жээнд эрт илрүүлэг тогтмол, зүй тогтол­цоотой явагддаг болох ёстой.

-Боловсон хүчин хэр хангалттай байна  вэ?

-Эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах зорилгоор 21 аймаг, бусад эмнэлгүүдэд ажиллаж байна. Өнөөгийн цалин хөлс, эрүүл мэндийн салбарт үүссэн хүнд нөхцөл байдлаас шалтгаалж, тэр болгон хавдрын эмч, хавдрын  мэргэшсэн мэс заслын эмч ховор, бусад туяа эмчилгээг орон нутагт хангалттай хүрч чадахгүй байгаа. Сувилагчийн асуудал улсын хэмжээнд асуудал болчихоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр энэ цаг үед тодорхой бодлогууд хэрэгтэй. Зөвхөн цалин хөлснөөс гадна төр, засгийн дэмжлэг, зохион байгуулалт хэрэгтэй байна.

-ХСҮТ бол манайд байгаа цор ганц эмнэлэг. Тодорхой салбарууд бий болгож өргөжүүлэх боломжгүй. Барилга нь 1982 онд баригдсан юм байна лээ. Танай эмч нар орныхоо тоогоор, өөрөөр хэлбэл сав багтаамжийнхаа хэрээр л иргэдэд үйлчилж ирснийг мэднэ. Гэтэл өвчинд шаналсан иргэд урт дарааллыг хүлээгээд байж байдаг. Үүнийг өөрчлөх ямар боломж байна?

-Бусад эмнэлгүүд дээр тусамж, үйлчилгээг өргөжүүлэх боломж бий. Үүнийг л сайжруулах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.35) 2022 оны 10 сарын 15

Эр эрхтэний ариун цэвэр их чухал шүү,

0  |  0
Top