УИХ-ын сонгуулийн гарааны шугамд 27 нам, хоёр эвсэл, нийт 29 субъект “зэрэгцлээ”

2024 оны 03 сарын 27

-Дор хаяж 2262 нэр дэвшигч тэдгээрээс сонгуульд өрсөлдөнө-


УИХ-ын сонгуулийн цаглавар ёсоор 2024 оны сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хуулийн дагуу энэ гуравдугаар сарын 25-ны Даваа гарагт багтаан Үндэсний аудитын газарт хянуулахаар хүргүүлэв. Даваа гарагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор улс төрийн 27 нам, хоёр эвсэл, нийт 29 субъект мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний Аудитын газарт ирүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нийт 29 субъект сонгуульд тоосоо үзэх юм.

Тэд тус бүр 78 нэр дэвшигчийг бүсчилсэн тойргуудад мандатын тоогоор хуваан дэвшүүлнэ гэвэл 2262 кандидат ирэх сонгуульд өрсөлдөх гэж байна. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. Ингээд 3000 орчим кандидат бүсчилсэн 13 том тойргоос УИХ-ын 78 суудлын төлөө өрсөлдөх нь тодорхой боллоо. Тэднээс гадна намуудын жагсаалтаар 48 гишүүн парламентад орж ирнэ.

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн гараан дээр одоогийн байдлаар улс төрийн 27 нам, хоёр эвсэл “зэрэгцээд” буй нь Аудитын газарт ирүүлсэн мөрийн хөтөлбөрөөс харагдаж буйг дээр өгүүлсэн. Мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн дарааллаар нь тэднийг жагсаавал,

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхын Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам
  • Монголын либерал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Үнэн ба зөв нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Социал демократ нам
  • Ардчилсан нам
  • Үндэсний эвсэл
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/
  • Монгол Консерватив нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Бүгд найрамдах нам
  • Их Эв нам
  • Монголын хүний төлөө нам
  • Монголын либерал нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Монгол Ардын нам
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Эдгээр нам, эвсэл сонгуульд орох нь тодорхой болжээ.

Улс төрийн намуудтай Н.Номтойбаяр нарын Үндэсний эвсэл болоод Ц.Гантулга даргатай Шинэ нам, Л.Өнөрбаяр Ерөнхий нарийн бичгийн даргатай МУНН-ын хамтарсан Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ гэсэн хоёр эвсэл тоосоо үзэх нь ээ.

Аудитын газарт тэдгээрийн мөрийн хөтөлбөрийг хүлээн аваад хуулийн шаардлага хангаагүй бол энэ тухай дөрөвдүгээр сарын 10-ны дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх бөгөөд дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах учиртай. Хуульд зааснаар Үндэсний Аудитын газраас дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших хүмүүс мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-нд Үндэсний Аудитын газарт хүргүүлэх учиртай.

Парламентад өдгөө суудалтай намууд хийгээд голлох эвслийнхэн мөрийн хөтөлбөртөө юу тусгасныг товч авч үзье.


 

МАН

Эрх баригч МАН-ын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өгчээ. Тус нам 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. МАН-аас 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс санал авах Ажлын хэсгийг байгуулж, албан бичгээр, цаасаар, ENAM аппликэйшнаар, веб сайтаар, Call center төвөөр, и-мэйлээр саналууд авч, иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг иргэдээс авсан байна.

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг манай нам даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Засгийн газрын санаачилгаар Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт хийж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгч, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан юм. Мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан бодлого юм” хэмээн онцлов. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийнхэн намын гишүүдийнхээ санал дээр ажил, мэргэжлийн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан холбоодын саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлдөө тусгаж, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэнэ.

 

АН

АН-ын хувьд “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал” 9+90+-900 хэмээх өвөрмөц нэртэй эрчимт хөтөлбөрийн төлөвлөгөөг мөрийн хөтөлбөр болгон дэвшүүлсэн байна. Есөн бүлэг бүхий есөн зорилт, 90 ажил, 900 гаргалгаа бүхий хөтөлбөрөө тэд ийнхүү нэрлэжээ. Хүнийг дээдэлсэн, эдийн засгаа аврах, төрийн завхарлыг засах онцлог бүхий мөрийн хөтөлбөр хэмээн АН-ынхан баримт бичгээ тайлбарлаж байгаа юм. Үүнийгээ "Ардчилсан нам 999 сорьц бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан” хэмээн хэлж буй.  999 сорьцтой алт юм уу, мөнгө, аранжин зэс, алин болох нь одоогоор тодорхойгүй.

Ардчилсан нам ялж, Засгийн газраа байгуулбал төр, нийгэмд нүүрлэсэн алдаа завхарлыг богино хугацаанд засч, эдийн засгийг сэргээснээр “Монгол хүн өргүй, Монгол төрийн дарамтгүй болно. Ардчилсан нам хүн төвтэй, хүний хөгжлийг бүхний эхэнд тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэдгийг тус намынхан онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаярын хэлснээр “Өнгөрсөн найман жилийн алдааг нөхөх, төрийн дарамтыг багасгах, Монгол хүн өргүй, Монгол төрийн дарамтгүй, хүн төвтэй, хүний хөгжлийг бүхний эхэнд тавьсан” мөрийн хөтөлбөр боловсруулжээ. АН-ын дарга Лу.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө “Амлалт биш, ажлын төлөвлөгөө” гэж тодорхойлж буй. “


ХҮН

ХҮН намын хувьд  мөрийн хөтөлбөрөө батлан “Бүтээх эрх чөлөө” гэсэн уриаг дэвшүүлээд байна. Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа хот, орон нутгийн иргэдтэй уулзан иргэдийн саналыг тусгаж, мэргэжлийн холбоод, салбаруудын саналуудыг хүлээн авч тусгасан хийгээд гадаадад суугаа монголчуудынхаа саналыг оруулсан нь онцлог гэж ХҮН намынхан мэдэгдэв. Эдийн засаг дахь бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, татварын таатай орчин бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх гэх зэрэг үзэл санааг мөрийн хөтөлбөртөө илэрхийлээд байна. ХҮН намын дарга Т.Доржханд: “Парламентад бодлого тодорхойлдог ХҮН намын мөрийн хөтөлбөрт маш олон салбарын холбоод, төлөөллүүд саналаа ирүүлсэн” гэж байсан юм.

Хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийн тухайд,

 

“Үндэсний Эвсэл”

“Үндэсний Эвсэл” нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” гэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Эндээс харвал Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзангийн “Бүгдээрээ баяжих” уриаг тэд дэвшүүлсэн гэж хэлж ч болох нь.

Энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн мэргэжилтнүүдийн багтай хамтран судалгаа, шинжилгээнд суурилсан, хэрэгжих боломж, нөхцөлийг бүрэн тооцоолсон чиглэлээр ажилласан гэдгээ Үндэсний эвслийнхэн онцолжээ. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэж, шийдвэр болгоход улстөрчид үүд хаалгыг нь нээж, боломжийг нь бүрдүүлэх зарчмыг тусгасан хэмээн бас мэдэгдсэн.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Мөрийн хөтөлбөр боловсруулах явцад хуулийн дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулах ёстой байсан. Хэдийгээр улс оронд алс хэтийн бодлого байх нь зөв ч уг бодлогод тодорхой алдаа дутагдал байгааг мөн олж харлаа. Иймд цаашид улс төрийн нам, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангаж уг хөгжлийн бодлогод тодотгол, шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай. Эдийн засаг, нийгмийн бодлогын уялдааг хангаснаараа онцлог буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан, баян чинээлэг амьдрахыг эрхэм болгосон” хэмээсэн.

 

“Шинэ нэгдсэн эвсэл”

“Шинэ нэгдсэн эвсэл” буюу Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын хамтарсан эвслийн Мөрийн хөтөлбөр нь товчдоо Төрийн шинэ бодлого, нийгмийн шинэ бодлого, эдийн засгийн шинэ бодлого гэсэн гурван тулгуурт зорилго бүхий агуулгатай Монголын уламжлалт гурвын онолын аргаар боловсруулсан баримт бичиг  ажээ.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга “ШИНЭ нам энэ удаагийн сонгуульд МУНН-тай нэгдэн оролцох шийдвэрийг Төв зөвлөлийн XIII хурлаасаа гаргасан. Хууль, эрх зүйн хүрээнд “Шинэ нэгдсэн эвсэл” байгуулан, Мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өргөн барьж байна. Хоёр намын үзэл баримтлал нь язгуур эрх ашгаараа адил учраас нэгдсэн. Үүнээс гадна биднийг улс төрийн бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Мөрийн хөтөлбөр бол шинэ төр, нийгмийг цогцлоон байгуулахад оршино. Тиймээс “Шинэ төр”, “Шинэ нийгэм”, “Шинэ эдийн засаг” гэсэн гурван бүлэг, есөн хэсэг, 81 зүйлээс бүрдэх Мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэж байв.

МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр “МУНН бол тусгаар тогтнол, газар шороо, үндэсний үзлийг эрхэмлэдэг, үүний төлөө үйл ажиллагаа явуулдаг нам. ШИНЭ нам ч үндэсний ардчилсан үзэл санаанд эх орончдыг нэгтгэсэн улс төрийн хүчин учраас хоёр намын үзэл баримтлал, итгэл үнэмшил таарч тохирч байгаа. Тиймээс манай намын хурлаар бүх гишүүдийн 99 хувь нь ШИНЭ намтай нэгдэх нь зөв гэдгийг дэмжсэн учраас бид эвсэл байгуулж, Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа” хэмээсэн юм.

Ийнхүү өмнөх бүх сонгуулийн нэгэн адилаар шударга ёс, шинэ нийгэм, иргэдийн сайн сайхны төлөө гэсэн сайхан амлалт бүхий мөрийн хөтөлбөрүүдээ хянуулахаар өгч, нэр дэвшихэд горилогчдоо тодруулах дараагийн шатандаа намууд орж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 27

Заримыг н анх удаа л харж байна..

0  |  0
сонгогч (202.9.46.250) 2024 оны 03 сарын 27

100 ямаанд 60 ухна гэгч болж байна

0  |  0
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 27

МАНАН гаас нэр дэвшигчдийг МАНАН тай нь дугуйлж болохгүй шүү монголчууд аа. Тэгэж байж бид авилгач, хулгайчдыг хязгаарлаж эх орныхоо төлөө санал өгнө, монголоо аварна.

0  |  0
Top