НОМЫН ХЭСГЭЭС: Хорин таван жилийн дараа

2018 оны 11 сарын 28

 

Зүүвэр-2

“СПИД” ба өнөөгийн Монгол. “СПИД” гэдэг нь 25 жилийн өмнө монголчуудад айдас хүйдэс авчирсан бас сонин содон гэж хачин жигтэйхэн юм байлаа. Харин одоо бол хэн бүхний танил, ердийн хамрын ханиад мэт ойлгогддог ижил дасал болсон ДОХ хэмээх аюулт өвчин шүү дээ. Эрүүл мэндийн байгууллага 2018 оны эхний байдлаар сард ДОХ-ын гурван тохиолдол шинээр бүртгэгдэж ингэснээр манай улсад 250 орчим тохиолдол илрээд байгаа тухай сүрхий сонин болгон мэдээлж байх юм. Олон түмэн ч тэрхүү улиг болсон ач холбогдол багатай үлбэгэр мэдээлэлд дасч, хэвийн үзэгдэл мэт хандсаар. Монгол хүний муу юманд дасамтгай чанараа гэж... Монголын сонин гурав хоног гэдэг энэ байх.

“Хар тамхичин Монгол” Сэтгүүлч миний бие “Мөхөл уруу мөлхөж яваа Монгол минь” нийтлэлийг 25 жилийн өмнө бичсэн. Тэгэхдээ монголын ард түмний амь амьдрал, хувь заяанд тулгамдсан чухамдаа Монгол орныг мөхөлрүү түлхэж байгаа төр засаг түүний удирдагчид анхаарахаас аргагүй олон чухал асуудлыг хөндөж тавьсны нэг нь хар тамхи байлаа. Хар тамхи гэгч тэр үед манайд бараг ор сураггүй, монголчууд зөвхөн ном зохиолоос уншиж, барууны адал явдалт киноноос үзэж сонсдог зүйл байв. Гэвч бүх юм орвонгоороо эргэн задгайрч замбараагаа алдсан чухамдаа бөгс толгойгоо ялгахаа больж эзгүйрсэн Ардчилсан шинэ Монгол Улс, хар тамхины наймаа хэрэглээний гол сүлжээ “Азийн алтан гурвалжин” гэгчид нутаг дэвсгэрийн байршил, зам харилцаа тээврийн нөхцөл байдлаараа ойр дөт байрлаж, шинэ чөлөөтэй тааламжтай орон зай болж эхэлжээ. Ийм байдлаар хар тамхины асуудал Монгол Улсад аюулын харанга дэлдэж, хар тамхи, мансууруулах бодисын тухай асуудал цоо шинэ том сэдэв болж байв. Тэгвэл 25 жилийн дараа буюу өнөөдөр ямар байдалд хүрснийг хоёрхон баримтад түшиглэн тэмдэглэмээр санагдав. “Өдрийн сонин” сонины 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны 087(5930) дугаарт “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүүхэд, залуусын дунд цагаан тахал хэмээн нэрлэгдэх болсон мансууруулах бодисын хэрэглээ, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас хэдийнэ гарсан. Хэдэн зуун мянган хүүхэд залуус хар тамхинд донтох болсон нь монгол үндэстэн мөхөх аюулын харанга дэлдэж байгаа хэрэг” гэж онцлон тэмдэглээд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн гэдэг хүний яриаг нийтэлсэн байна.

Профессор Ш.Лхагвасүрэн “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр шахам хар тамхины тухай, мансуурсан гэх хүмүүсийг баривчилсан, худалдан борлуулдаг, хэрэглэсэн гэмт хэргийн бүлэглэл баригдаж байгаа талаар мэдээлэл гарч байна. Жилд хэдэн мянган хүн хар тамхины хэргээр баригдаж байна. Гэвч жилээс жилд хар тамхи хэрэглэгчдийн тоо өссөөр байна шүү дээ... Олон улсын байгууллагууд манай улсын хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна... Өөрөөр хэлбэл, өсвөр насны 130 гаруй мянган хүүхэд ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэх тоо гарсан. Өмнөх жилүүдэд хар тамхийг амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо хар тамхины хэрэглээ баян ядуу гээд бүх давхаргад бий болчихсон... Тэгэхээр залуус дунд ямар байдалтай байгаа нь ойлгомжтой... Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд хар тамхи хэрэглэгчдийн тоо нэмэгдэх болсон. Хар тамхи үндэстэнг ингэж л мөхөөдөг. Манай улсад дэлхийн зах зээлд зарагдаж байгаа бүх төрлийн хар тамхи худалдаалагдаж байна... Монголд хар тамхи худалдаалж их хэмжээний ашиг олох сонирхолтой гэмт бүлэглэл хэдэн арваараа бий болчихлоо” гэж ярьсан байх юм.

Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар хар тамхи, мансуурлын тухай хуулийн шинэ төсөл хэлэлцэх үеэр манай оронд хар тамхи манууруулах бодисын хэрэглээ, хадгалах, дамжуулах, хулалдан борлуулах асуудал хамгийн гол нь хэрэглэсэн гэх хэрэгт улсын хүн амын гуравны нэг буюу бараг сая шахам хүн холбогдсон (УИХ-ын гишүүн Гарамжав 750 мянган хүн холбогдож байгаа баримтыг халаглан ярьсан. “NEWS CHANNEL” HD телевиз 2018.05.24.) тухай түгшүүрт баримтыг жишээ болгон ярилцаж буйг харахад Монгол оронд хар тамхи, мансууруулах бодисын асуудал, түүний хэрэглээ, оруулж ирэх, худалдан борлуулах гэмт хэргийн цар хүрээ, хор хөнөөл, ямар аймшигтай төвшинд хүрсэн нь ойлгогдлоо. Хэрвээ төр, засгийн дээд эрх мэдэлд заларч өндөр албан тушаалын сэнтийг зайдагнаж байсан, байгаа үе үеийн хүмүүс өчүүхэн миний нийтлэлийг эрх биш анхаарч санаа дохио хэмээн ухаарч ямар нэг арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх байсан гэж үү. Цаг цагийн эрх баригчид хар тамхи, мансууруулах бодисын асуудлыг санаатай болоод санаандгүй байдлаар анхаарч үзэлгүй, гаргуунд нь (Голлож тэдний болоод баячуудын хүүхдүүд тэр хатуу тоглоомоор тоглодог бололтой юм билээ) хаясан, улс орон ард түмнээ гэх сэтгэл дутсан, эрхэлсэн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсаны үр дүн, хар гай, нүүр царай энэ биш гэж үү. Та бүхний сэтгэл ухаан, мэдлэг чадвар дутдаг, арга барил тань дийлдэггүй, чаддаггүй юм бол ард түмнийхээ үг саналыг сонсдог анхаардаг байвал яасан юм бэ? Сайд, дарга нар аа!


 

1. Номын хэсгээс: “Өнөөгийн өнгө төрх”-ийн БОСГО ҮГ

2. НОМЫН ХЭСГЭЭС: Оюун санааны үнэт тэжээл үйлдвэрлэгчийн шинэ номын тухай цөөн үг

3. НОМЫН ХЭСГЭЭС: Хүн өөрт байгаа давуу талаа мэдэрч, ухаарч амьдрахын учир

4. НОМЫН ХЭСГЭЭС: Золиос

5. НОМЫН ХЭСГЭЭС: Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлаг!


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mAtilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
zochin(150.129.142.92) 2018 оны 11 сарын 28

haalt neegeed haagaad geh aguulga

0  |  0
Top