“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний нээлт боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

 

Карл Реймунд Попперын нэрээр нэрлэгдсэн Карл Попперын мэтгэлцээнд Дархан-Уул, Дорноговь, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос нийт 64 баг оролцож байгаа бөгөөд баг тус бүр гурван гишүүнтэй. "Парламентын боловсрол" мэтгэлцээний нээлтийн албан ёсны арга хэмжээ өчигдөр (2022.05.29) Отгонтэнгэр Их сургуульд болж, нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ илгээв.

Тэрбээр, ХХ зууны хамгийн алдартай гүн ухаантнуудын нэг Карл Попперын санаачилсан мэтгэлцээний загвар нь уран сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх, өөр өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрөх ухаанд суурилж, эсрэг тэсрэг саналууд дээр ур ухаанаа заран мэтгэлцэж сурах дүрэмтэй. Уг дүрмээр мэтгэлцэх урлагийн тэмцээнд ур ухаан, авхаалж самбаагаа сорьж буй нийт 64 багийн 192 оролцогчдод амжилт хүсэв.

 

 

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй Карл Попперийн тэмцээний 64 багийн мэтгэлцэгчид 16 хэсэгт хуваагдсан бөгөөд хоёрдугаар шатны ялагчид болох 32 баг өнөөдөр өрсөлдөж, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн маргааш Төрийн ордонд зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Д.Уянга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

 

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөр 2021 оноос амжилттай хэрэгжиж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top