АНУ-ын Флорида мужийн Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 8-11-нд боллоо. Дэлхийн 42 орны 425 ахмад жүдоч хүч үзсэн тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй долоон жүдоч эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын цагаан өмсгөлтнүүд 2007 оноос хойш ахмадын ДАШТ-д хүч үзэж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд дөрвөн алт төдий тооны мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн М1 ангиллын 81 кг-ын жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ, 90 кг-ын жинд ОУХМ Г.Дашдаваа, М5 ангиллын 90 кг-д Монгол Улсын гавьяат жүжигчин, улсын начин ОУХМ С.Эрхэмбаяр, Эмэгтэйчүүдийн F3 ангиллын +78 кг-ын жинд ОУХМ Л.Баярмаа нар алтан медаль хүртэж, Монголын улсын алтан соёмбот далбаагаа мандуулсан. Түүнчлэн эрэгтэйчүүдээс Н.Батсуурь M6 -66 кг-д, Г.Жалаа M7 +100 кг-д, Д.Лхагвасүрэн M8 +100 кг-д, эмэгтэйчүүдээс Р.Дэчинмаа F3 -70 кг-д тус бүр мөнгө, эрэгтэйчүүдээс Д.Батсайхан М3 90 кг-д, Ч.Бямбадорж М2 +100 кг-д, эмэгтэйчүүдийн Н.Цэвэгмид F3 -70 кг-д, Г.Мөнхзаяа F-2 -78 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэ удаагийн тэмцээнд манай хойд хөрш ОХУ-ын ахмад жүдочид 22 алт, 14 мөнгө, 19 хүрэл медальтай багийн дүнгээр тасархай тэргүүлж, Герман зургаан алт, зургаан мөнгө, долоон хүрэлтэй, зохион байгуулагч орон АНУ дөрвөн алт, есөн мөнгө, 21 хүрэл медальтай удаалав. Харин нийт 12 медальтай Монголын цагаан өмсгөлтнүүд багийн дүнгээр долоодугаар байрт орсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )