Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд өчигдөр өндөрлөлөө. “О2 Arena”-д долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Сербийн Новак Жокович (1), Швейцарийн Рожер Федерер (2), Их Британийн Энди Мюррей (3), Испанийн Давид Феррер (5), Чехийн Томаш Бердых (6), Аргентиний Хуан Мартин Дель Потро (7), Францын Жо-Уильфред Цонга (8), Сербийн Янко Типсаревич (9) нарын шилдэг найман теннисчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс хоёр тамирчин хагас шигшээд шалгарсан юм. Тэмцээний шигшээ тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович, уг тэмцээнд зургаан удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт тогтоогоод буй “Их дуулга”-ын 17 удаагийн аварга Швейцарийн Рожер Федерер нар тунан үлдсэн. Хоёр цаг, 14 минут үргэлжилсэн шигшээ тоглолтын ялагчаар Сербийн Новак Жокович тодорч, тус тэмцээнд хоёр (өмнө нь 2008 онд түрүүлсэн) дахиа өнгөлөв. Маш сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөсөн тулаанд Жокович “Швейцарь цаг”-ийг 7:6, 7:5-аар буулган авч, 1.63 сая ногооны шагнал гардсан байна. Хосын төрөлд Испанийн Марсел Граноллерс, Марк Лопес нар финалд Энэтхэгийн Махеш Бупати, Рохан Бопанна нарыг 7:5, 3:6 (10:3)-гаар сөхрүүлж, аваргаллаа.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )