Монголын олимпийн боксын холбооны ээлжит хурал болж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан болон ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө ярилцсан байна. Өнгөрсөн олимпийн циклийн үеэр манай тамирчид олон улс, тив дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлж, “Милан-2009”, “Баку-2011” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Лондон-2012” олимпийн наадамд медалийн арвин ургац хураасан юм. Хурлын үеэр өнгөрсөн дөрвөн жилд амжилттай ажилласан ерөнхийлөгч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн саналаар ажлаа хүлээлгэн өглөө. Уг хурлаар Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон юм. Улмаар ирэх дөрвөн жилд ажиллах удирдах ажилтнуудыг томилж, УИХ-ын гишүүн О.Содбилэгийг ерөнхийлөгчөөр сонгожээ. Түүний аав Ш.Отгонбилэг агсан Монгол Улсад спорт, олимпизмийг хөгжүүлэх талаар үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байсан бөгөөд 1995-2001 онд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнчлэн олимпийн боксын холбооны өдөр тутмын ажлыг удирдан явуулах ерөнхий нарийн бичгийн даргаар 2009 оны дэлхийн аварга, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг томилсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )