Олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх Бувайсар Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлж байна. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн 1994-1996 оны тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн бөх 1500 ам.долларын шагнал хүртэх бол мөнгө 800, хүрэл медаль хүртсэн тамирчин 500 ногооны шагнал гардах юм. Түүнчлэн түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 300 ам.доллароор шагнуулах аж.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 38 кг-ын жинд М.Даваабанди 42 кг-д Б.Ганбаяр 46 кг-д Г.Золжаргал, Ө.Даваасүрэн, Б.Ууганбаяр 50 кг-д Х.Номинхонгор 54 кг-д М.Цогбаяр, Г.Ханбүргэдэй, Э.Гантулга 69 кг-д Б.Бямбадорж 76 кг-д П.Нямсайхан 85 кг-д Х.Оюуннаран нар Хилчин спорт хорооны дасгалжуулагч П.Чулуунбаатар, 73 дугаар сургуулийн Ж.Дандар, Сэлэнгэ аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлага дор хүч үзэж байна. Харин баг тамирчдыг МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр ахалж байгаа юм. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс манай тамирчид гурван хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )