МҮБХ-ноос зохион байгуулдаг аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Д.Батжаргал, Б.Суманчулуун, Бо.Батжаргал, Л.Нямбаяр, Л.Лха-Очир, Ж.Сүхбат нарын тэргүүтэй аймаг, цэргийн алдар цолтой болон залуу 256 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав.
Барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат “Алдар” спорт хороо, “Доолт” ХХК, “Таван хан” дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл тодорч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээний бөх аймгийн начин Н.Энхжаргал үзүүрлэв. Харин их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Завхан” дэвжээ, “Ханан” группийн бөх аймгийн арслан Л.Лха-Очир нар үлдлээ. Тус барилдаанд үзүүрлэсэн аймгийн начин Н.Энхжаргал дөрвөн аймгийн арсланг давсан юм. Тэрбээр дөрвийн даваанд Сүхбаатар аймгийн арслан Бо.Батжаргалыг, тавд хурц арслан А.Алтанхуягийг, зургаад аймгийн арслан Б.Суманчулууныг, долоогийн даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг өвдөг шороодуулжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )