Словенийн Марибор хотод шатрын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-18-нд болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 91 орны 1400 гаруй шатарчин охид, хөвгүүдийн найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насанд швейцарь системээр 11 өрөг тоглож, дүнгээ гаргалаа. ДАШТ-д манай улсаас сурагчдын дэлхийн аварга ОУМ А.Энхтуул, Э.Баасансүрэн, мөнгөн медальт Т.Мөнхзул, Ц.Лхагвасүрэн, өсвөр үеийн дэлхийн болон Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Е.Төгстөмөр, фиде мастер У.Насанжаргал нарын тэргүүтэй 38 шатарчин оюун ухаанаа уралдуулсан юм. Монголын шатарчид энэ удаагийн тэмцээнд хараахан медаль хүртэж чадаагүй бөгөөд хамгийн өндөр амжилтыг охидын ахлах насанд ОУМ А.Энхтуул 7.0 оноогоор 11 дүгээр байрт орлоо. Түүнчлэн хөвгүүдийн найм хүртэлх насанд Б.Ирмүүнтулга 7.5 оноогоор 12, охидын 11-12 насанд өсвөр үеийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ 7.0 оноогоор 12, хөвгүүдийн 17-18 насанд фиде мастер У.Насанжаргал 7.0 оноогоор 17 дугаарт байрт шалгарсан байна. Харин бусад шатарчид маань төдийлөн өндөр амжилт үзүүлж чадсангүй.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )