Английн хөлбөмбөгийн “Челси” клубийн удирдлага өчигдөр багийн ерөнхий дасгалжуулагч итали мэргэжилтэн Роберто ди Маттеог үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга “Челси” клубийн хувьд энэ улирлын тоглолтод хэсгээсээ гарахад тун хүндрэлтэй болсон. Учир нь “Цэнхэрүүд” мягмар гаригийн шөнө Турин хотод болсон тоглолтод “Ювентус” клубт 0:3-аар бут ниргүүлсний дараа ерөнхий дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн юм. Роберто Ди Маттео “Лондоны багийг 262 хоног удирдахдаа клубээ “Аваргуудын лиг”-т анх удаа манлайлуулж түүхэнд нэрээ мөнхөлж чадсан юм. Гэсэн ч сүүлийн хоёр тоглолтдоо дараалан хожигдсоноор түүнийг ажлаас нь халах хангалттай үндэслэл болжээ. Харин “Челси” клубийн удирдлага Ди Маттеог явуулсны дараа дасгалжуулагчийн асуудалд тэгтлээ санаа зовсонгүй, ердөө нэг хоногийн дараа ерөнхий дасгалжуулагчаа сонгосон байна. Тэд испани мэргэжилтэн Рафаэль Бенитесийг ерөнхий дасгалжуулагчаар томиллоо. Өдгөө 52 настай тэрбээр 2004-2010 онд “Премьер лиг”-ийн “Ливерпуль” клубийг удирдахдаа 2005 онд Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг” болон Супер цомын аварга болгож байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )