Европ дахь Монголчууд Швед улсад өрсөлдөв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн арваннэгдүгээр сарын 10-11-нд Шведийн Стокгольм хотод боллоо. Долоо дахь удаагаа болсон уг тэмцээнд есөн орны 300 гаруй Монголчууд зорин ирж оролцсоноос залуучуудын эрэгтэйчүүдийн төрөлд Германы “Буяны сэтгэлт хүү” баг түрүүлж, Шведийн “MGL-Sport”, ОХУ-ын “Russia team” баг мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Харин залуучуудын эмэгтэйчүүдийн ангилалд Шведийн “MGL-Sport” баг тэргүүлж, Австрийн “Ирээдүй”, Германы “Цог” баг удаалав. Ахмадын эрэгтэйчүүдийн төрөлд Шведийн “MGL-Sport”, Германы “Цог”, Чехийн “Нэг үе” багууд эхний гурван байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ахмадын төрөлд Чехийн “Нэг үе” баг аваргалж, Шведийн “MGL-Sport”, Германы “Цог” багууд удааллаа.

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Германы “Буяны сэтгэлт хүү” багийн Амар, эмэгтэй шилдэг тоглогчоор Шведийн “MGL” багийн Хулан нар тодорчээ. Тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж хүрэлцэн очиж, нийт баг тамирчдад баяр хүргэн, энэ жилийн зохион байгуулалтыг өндөр хэмжээнд болсныг сайшаан Швед улс дахь “MGL” клуб болон Герман улсын “Цог” клубийн дэд тэргүүн М.Болдыг Монголын сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ойн хүндэт медалиар шагнаж урамшууллаа. Дараагийн тэмцээн ирэх жил Швейцарь улсад зохион байгуулагдахаар болсон байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top