Манай даамчид таван алтан медаль хүртэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод энэ сарын 20-нд эхэлсэн 100 буудалт даамын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Тэмцээнд  Монгол, БНХАУ, Япон, Тайланд, Сингапур, Малайз, Узбекистан, Казахстан гэсэн найман орны 82 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр рапид, маргааш блиц төрлийн аваргууд тодрох юм. Тав дахь удаагийн тэмцээнд Монголын баг гурван насны ангилалд нийт таван алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж, БНХАУ-ын даамчид дөрвөн алттай удаалав.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Монголын даамчид үнэмлэхүй ялалт байгуулав. 2003 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, их мастер Г.Ганжаргал түрүүлж, тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг мөнгө, олон улсын мастер О.Түвшинболд хүрэл медаль хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Нямжаргал тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөнгөн медалийг БНХАУ-ын Жой Ханчин, хүрлийг манай даамчин спортын Э.Мандахнаран хүртсэн байна. Түүнчлэн залуучуудын ангилалд О.Энхбат, өсвөрийн үеийн хөвгүүдийн 18 хүртэлх насанд Ц.Отгонбилэг, уг насны охидын ангилалд спортын дэд мастер Д.Сугаррагчаа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Малайзын тэнгэрт мандууллаа.
Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top