Чиндаогийн Гран при эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн Гран при тэмцээн өнөөдөр эхэлж байна. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 18 орны 181 жүдоч (эрэгтэй 97, эмэгтэй 84) хүч үзэж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож буй. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай бөхчүүд ямар сугалаа татсаныг хүргэе. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин эхний даваанд Кумар Ашаванитай барилдах бол спортын мастер Г.Хэрлэн Их Британийн Эшли Макэнзитэй хүч үзэхээр болжээ. 66 кг-ын жинд 18 бөх зодоглож байгаа бөгөөд манай ОУХМ Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг нар барилдана. Б.Хишигбаяр эхний даваанд Энэтхэгийн бөхтэй барилдах бөгөөд ялах аваас БНХАУ, Бразилийн жүдочдын ялсантай нь хүч үзнэ. Харин ОУХМ Д.Төмөрхүлэг Чад улсын бөхтэй таарчээ. 73 кг-д Д.Дөлгөөн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд БНСУ, Алжирийн бөхчүүдийн ялсантай барилдана. Харин ОУХМ Г.Одбаяр эхний тойрогт Жиа Итаотой хүч үзэхээр болжээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга ОУХМ М.Уранцэцэг жин өгсөн барилдахаар болсон юм. Тэрбээр эхний даваанд эзэн орны Ли Минтинтэй барилдаж, түүнийг ялах аваас Энэтхэгийн бөхтэй хүч үзнэ. 57 кг-д энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын аварга ОУХМ Д.Сумьяа “А” хэсгийг толгойлон барилдах бөгөөд эхний тойрогт БНСУ-ын бөхтэй оноолт таарсан байна. 63 кг-д 16 жүдоч барилдаж буй бөгөөд манай улсаас Б.Мөнгөнчимэг зодоглоно. Тэрбээр эхний тойрогт эзэн орны бөхтэй оноолт таарчээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top