БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн Гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн 18 орны 181 жүдоч (эрэгтэй 97, эмэгтэй 84) хүч үзэж буй. Өнөөдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаан болж, Монголын цагаан өмсгөлтнүүд гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж бахдам амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа нар аваргалсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Б.Хишигбаяр нар мөнгө, 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Уранцэцэг хүрэл медалиар энгэрээ цоолов. Ингээд эхний өдөр манай жүдочид хэрхэн барилдсныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг (13 жүдоч): 1. Ганболдын Хэрлэн 2. Дашдаваагийн Амартүвшин (хоёул Монгол) 3. Роберт Мшвидобадзе (ОХУ), Чой Сун Юн (БНСУ)
Өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Г.Хэрлэн эхний тойрогт Их Британийн Эшли Макензиг 3:04 минутад цэвэр, эзэн орны Тан Шолүнийг вазаригаар, хагас шигшээ барилдаанд БНСУ-ын Чой Сун Юнийг 2:46 минутад иппон буулгажээ. Алтан медалийн төлөөх барилдаанд Энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын аварга ОУХМ Д.Амартүвшинг юүкогоор ялж, Гран при тэмцээнд анх удаа түрүүлэв.
ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртэх замдаа эхний тойрогт Энэтхэгийн Ашавани Кумарыг юүкогоор, хоёрын даваанд эзэн орны Лу Сянийг 3:23 минутад цэвэр, хагас шигшээд ОХУ-ын Роберт Мшвидобадзег 2:48 минутад цэвэр ялсан юм.
66 кг (18): 1. Даваадоржийн Төмөрхүлэг 2. Бүүвэйбаатарын Хишигбаяр (хоёул Монгол) 3. Камал Хан-Магомедов (ОХУ), Кэнто Шимизү (Япон)
“Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Д.Төмөрхүлэг олимпоос хойш жин өгсөн 66 кг-д барилдаж буй. Тэрбээр Чиндаогийн татамид тав ялж, аваргаллаа. Д.Төмөрхүлэг Чад улсын Кабо Бичараг 2:17 минутад, Хонгконгын Чун Юик Шинийг 1:00 минутад цэвэр ялж, шөвгийн наймд Их Британийн Колин Оатесийг юүкогоор сөхүүллээ. Британи жүдоч Лондоны олимпийн хоёрдугаар тойрогт Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг ялж байсан юм. Харин хагас шигшээд ЛХУ-ын Камал Хан-Магомедовыг цэвэр ялжээ. Уг нь хоёр жүдоч барилдааны үед вазари үнэлгээтэй тэнцүү байсан ч цаг дуусахаас хэдэн секундын өмнө хойд хөршийн жүдоч манай бөхөд хориотой мэх хийж, торгуулиар цэвэр ялагдсан юм. Харин алтан медалийн төлөө нутаг нэгт Б.Хишигбаярыг ялж, шинэ жиндээ хоёр дахиа аваргаллаа. Д.Төмөрхүлэг есдүгээр сарын эхэнд Улаанбаатар хотод болсон “Чингис хаан” Дэлхийн цомд 66 кг-д түрүүлээд байсан юм.
Хоёр жилийн өмнө уг тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан ОУХМ Б.Хишигбаяр энэ удаа амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр эхний даваанд Энэтхэгийн Иром Санжу Сингхийг 0:25 минутад цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Бразилийн Луиз Ревитег юүкогоор сөхрүүлээд хагас шигшээд Японы өсч яваа жүдоч Кэнто Шимизүг цэвэр ялав. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Д.Төмөрхүлэгт ялагдсан юм.
73 кг (17): 1. Дирк ван Тишелт (Бельги) 2. Рок Дракшич (Словени) 3. Ганбаатарын Одбаяр (Монгол), Рио Сайто (Япон)
ОУХМ Г.Одбаяр эхний даваанд эзэн орны Жих Ютаог юүкогоор, шөвгийн наймд БНСУ-ын Жан Вон Гиг вазари үнэлгээгээр сөхрүүлж, хагас шигшээ барилдаанд Словенийн Рок Дракшичэд даралтаар цэвэр ялагдав. Манай бөхийг ялсан словени жүдоч өмнө нь 66 кг-ын жинд хүч үзэж байсан бөгөөд манай Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын гол өрсөлдөгч юм.
Тус жинд спортын мастер Д.Дөлгөөн эхний тойрогт БНСУ-ын Ан Жеон Хванд вазаригаар ялагдаж, тэмцээнээ өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн 48 кг (12): 1. Амелие Россену (Бельги) 2. Чун Жун-Юн (БНСУ)3. Габриэла Чибана (Бразил), Хан Са (БНХАУ)
Энэ жинд манай улсаас жүдоч зодоглоогүй.
52 кг (11): 1. Ма Юннан (БНХАУ) 2. Эрика Миранда (Бразил) 3. Мөнхбатын Уранцэцэг (Монгол), Илсе Хейлен (Бельги)
Энэ жилийн Азийн аварга ОУХМ М.Уранцэцэг урд хөршид жин өгсөн барилдаж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт эзэн орны Ла Минтинийг вазаригаар, дараагийн даваанд Энэтхэгийн Тоудам Калпана Девиг 4:18 минутад цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Бразилийн Эрика Мирандад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө цэвэр ялагджээ.
57 кг (12): 1. Доржсүрэнгийн Сумьяа (Монгол) 2. Кетлеин Куадрос (Бразил) 3. Весна Жукич (Словени), Лиу Ян (БНХАУ)
“Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Д.Сумьяа Чиндаод жингийнхэнийгээ тэргүүлэн барилдсан. Тэрбээр эхний даваанд БНСУ-ын Жо А Юунийг, хоёрдугаар тойрогт эзэн орны Хуо Сиаогинийг, хагас шигшээд Словенийн Весна Жукичийг тус бүр цэвэр яллаа. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн Эрика Мирандатай хүч үзэж, үндсэн цагт хэн хэнээсээ вазари салгасан. Харин алтан цагт манай бөх өрсөлдөгчөө юүкогоор ялж, Монголын жүдочдын гурав дахь авчирлаа.
63 кг (16): 1. Мики Танака (Япон) 2. Мартина Традос (Герман) 3. Гемма Хоуэлл (Их Британи), Тина Трстениак (Словени)
Сарын өмнө Туркийн Стамбулд болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн спортын мастер Б.Мөнгөнчимэг шагналт тавдугаар байрт оров. Тэрбээр нэгдүгээр тойрогт эзэн орны Зао Гүйроныг юүкогоор сөхрүүлж, дараагийн даваанд Германы Мартина Традост вазаригаар ялагдсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )