Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн Гран при тэмцээн боллоо. Тэмцээнд 18 орны 181 жүдоч (эрэгтэй 97, эмэгтэй 84) хүч үзсэн бөгөөд Монголчууд эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн жүдочноо Чиндаод илгээж, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдлээ. Харин зохион байгуулагч орон БНХАУ дөрвөн алт, хоёр мөнгө, 10 хүрэл медальтай тэргүүлсэн бол Япон хоёр алт, гурван хүрэл медальтай гурвалсан байна. Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар байсан бөгөөд түрүүлсэн жүдоч 3000, мөнгө 2000, хүрэл 1000 ногооны шагнал гардсан юм. Гран пригийн сүүлийн өдөр буюу өчигдөр Монголын зургаан жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар хүрэл медаль хүртжээ. Ингээд хүнд жинд Монголын цагаан өмсгөлтнүүд хэрхэн барилдсаныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 81 кг (14 жүдоч): 1. Виктор Пеналбер (Бразил) 2. Мурат Хабачиров (ОХУ) 3. Ли Маожиан (БНХАУ), Отгонбаатарын Ууганбаатар (Монгол)
“Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт Японы Юсүхиро Эбиг вазаригаар, дараагийн даваанд Их Британийн Томас Дэвисийг юүкогоор сөхрүүлж, хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Мурат Хабачировд алтан цагт юүкогоор ялагдаж, хүрэл медаль хүртэв.
Энэ жинд ОУХМ Г.Түвшинжаргал эхний тойрогт Узбекистаны Бекзод Турабаевийг 2:18 минутад цэвэр ялж, шөвгийн наймд эзэн орны Ли Маожианд 3:03 минутад цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Уг нь манай бөх юүкогоорг ялж яваад өрсөлдөгчийн шийдсэн мэхэнд иппон буусан байна.
90 кг (10): 1. Чен Хунжао 2. Жан Жун (хоёул БНХАУ) 3. Ким Хван Хо, Хух Чае Гоо (хоёул БНСУ)
Энэ жинд залуу тамирчин Л.Отгонбаатар эх орноо төлөөлөн хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Ким Кван Ход юүкогоор ялагджээ.
-100 кг (16): 1. Юсүке Күмаширо (Япон) 2. Ренан Нунес (Бразил) 3. Ким До Хун (БНСУ), Юан Жинлин (БНХАУ)
Энэ жилийн улсын аварга “Аврагч” спорт хорооны жүдоч, спортын мастер Д.Анар эхний тойрогт Бразилийн Ренан Нунест 2:03 минутад цэвэр ялагдав.
+100 кг (9): 1. Мариус Пашкевичус (Литва) 2. Ренат Саидов (ОХУ) 3. Ван Куинчао, Ван Куан (хоёул БНХАУ)
Залуучуудын Азийн хошой аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нэгдүгээр тойрогт эзэн орны Ван Куинчаод 4:30 минутад цэвэр ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн 70 кг (14): 1. Фей Чен (БНХАУ) 2. Мариа Портела (Бразил) 3. Лаура Варгас Коч (Герман), Жоу Чао (БНХАУ)
Өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргал эхний даваанд эзэн орны Жоу Чаод ялагдсан байна.
-78 кг (12): 1. Анамари Веленсик (Словени) 2. Жан Да Воон (БНСУ) 3. Хан Ли (БНХАУ), Мисаки Хидака (Япон)
Энэ жинд манай улсаас жүдоч зодоглоогүй.
+78 кг (7): 1. Ю Сон 2. Киан Кин 3. Ли Ян, Ван Руи (бүгд БНХАУ)
Уг жинд манай улсаас жүдоч барилдаагүй бөгөөд эзэн орны бөхчүүд үнэмлэхүй амжилт тогтоож, бүх медалийг хамлаа.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )