Улс тунхагласны барилдааны түрүү бөхөөр отгон арслан П.Бүрэнтөгс тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Бүгд найрамдах улсыг тунхагласны 88 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдааныг МҮБХ, МАХН-тай хамтран зохион байгуулсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав. Барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “ДЦС4” компанийн бөх Монгол Улсын отгон арслан П.Бүрэнтөгс тодорлоо. Тэрбээр наадмаас хоёр дахь барилдаандаа барилдаж ийнхүү түрүүлэв. Харин намраас хойш дөрвөн барилдаанд дараалан түрүүлээд байсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж, их шөвөгт Завхан аймгийн Идэр сумын харьяат “Хүч” спорт хороо “Завхан” дэвжээ, “Шинэ-Ази” группийн бөх улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, Увс аймгийн Тэс сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх цэргийн арслан Б.Ганзориг нар үлдэв. Цэргийн арслан Б.Ганзоригийн хувьд энэ удаагийн барилдаанд дөрвийн даваанд улсын П.Ганхүүг, тавд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулж, шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top