Японы Мияги мужийн Сэндай хотод уран гулгалтын Гран при тэмцээн энэ сарын 23-25-нд боллоо. Гран при тэмцээн нийт зургаан тэмцээнээс бүрддэг бөгөөд эхний дөрвөн тэмцээн АНУ-ын Кент, Канадын Уиндсор, БНХАУ-ын Шанхай, Францын Парис хотод зохион байгуулагдсан. Тэгвэл тав дахь тэмцээн буюу “NHK Trophy” Сэндай хотын “Sekisui Heim Super Arena”-д болсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон бүжиг болон спортын хосын төрөлд зохион байгуулагдав.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 10 тамирчин өрсөлдснөөс эзэн орны 17 настай Юзүрү Ханью 261.03 оноогоор түрүүллээ. Тэрбээр нутаг нэгт тамирчин 2010 оны дэлхийн аварга Дайсүке Такахашигаас даруй онооны илүүгээр өнгөлсөн байна. Харин хүрэл медалийг АНУ-ын залуу уран гулгагч Росс Минер 235.37 оноогоор хүртэв.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орны Мао Асада, Акико Сүзүки нарын шилдгүүдийн хооронд гол өрсөлдөөн өрнөж, дэлхийн хошой аваргын ялалтаар өндөрлөлөө. Асада өрсөлдөгчөөсөө ердөө 0.5 баллаар илүү гарч, 185.27 оноогоор өнгөлсөн бол Сүзүки (185.22) мөнгө, “Сэм авга”-ын япон гаралт тамирчин Мирай Нагасү 176.68 оноогоор шагналын тавцанд гишгэлээ.
Спортын хосод тус төрөлд дэлхийд тэргүүлэгч гүрэн болох ОХУ-ын Вера Базарова, Юрий Ларионов нарын хос 192.02 оноогоор түрүүлж, Канадын Кирстен Мур, Дилан Московитч (180.63 оноо), АНУ-ын Марисса Кастелли, Симон Шапир (174.51) нар удааллаа.
Бүжгийн хосод 2011 оны дэлхийн аварга АНУ-н Мэрил Дэвис, Чарли Уайт нарын хослол шилдэг нь байж, 178.48 оноогоор торгон жолоо өргүүлж, мөнгөн медалийг залуучуудын дэлхийн аварга хойд хөршийн Елена Ильиных, Никита Кацалапов нар 156.62, хүрлийг өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын ах дүү Майа Шибүтани, Алекс Шибүтани нар 130.10 оноогоор хүртэв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )