Японы нийслэл Токиод хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манайхан хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Чингис хаан” Дэлхийн цомын хошой аварга ОУХМ Ч.Болдбаатар эхний тойрогт Бельгийн Сенна Венстэй хүч үзнэ. Харин долоо хоногийн Чиндаогийн Гран прид үзүүрлэсэн ОУХМ Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Асхат Телмановтой барилдана. Тэрбээр казах эртэй өнгөрсөн жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд таарч, ялагдаж байв.
66 кг-ын жинд ОУХМ Д.Алтансүх эх орноо төлөөлөн хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогт Хонгконгийн Юун Кай Чунтай барилдах бөгөөд түүнийг ялвал ДАШТ-ий мөнгөн медальт, Испанийн Сигой Уриартед хүч үзнэ.
73 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Их дуулга”-д анх удаа жин өгсөн зодоглож байгаа юм. Цагаанаа эхний тойрогт БНСУ-ын Чун Чул Минтэй оноолт таарчээ. Хэрэв Гуулин улсын жүдочныг аргалчихвал эзэн орны Юсүхиро Аванотой барилдана.
Харин манай бусад бөхчүүд сугалаа хэрхэн таарсаныг хүргэе.
81 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний тойрогт чансааны 40 дүгээрт эрэмбэтэй БНСУ-ын Хон Сук Вунтай барилдах бол уг жинд ОУХМ Н.Дагвасүрэн Узбекистаны Сухратжон Арслановтой нэгийн даваанд таарчээ. Харин -100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн С хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин дараагийн даваанд Японы Дайки Тани, Филиппиний Кэнжи Яхата нарын ялсантай барилдах юм. +100 кг-д Б.Төгөлдөр эхний тойрогт уг тэмцээнийг тэргүүлэн барилдаж буй Лондоны олимпийн хүрэл медальт, Бразилийн Рафаэль Силватай барилдана. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд спортын мастер М.Ууганжаргал эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд эзэн орны Рүика Сатотой хүч үзнэ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )