Месси, Роналду, Иньеста нар дахин өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Ballon D’or” буюу “Алтан бөмбөг” шагналыг ирэх оны нэгдүгээр сарын 7-нд Швейцарийн Цюрих хотод тодруулна. Тэгвэл эцсийн шатанд өрсөлдөх гурван тоглогч болон дасгалжуулагчийг FIFA албан ёсоор зарлалаа. Шилдэг тоглогчид 23 тоглогч нэр дэвшсэн бөгөөд эцсийн шалгаруулалтад сүүлийн гурван жил дараалан тус нэр хүндтэй шагналыг хүртсэн Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси, түүний багийн анд хагас хамгаалагч Андреас Иньеста, “Реал Мадрид” клубийн довтлогч Криштиану Роналду нар эцсийн шатанд шалгаран үлдэв. Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, багийн ахлагчид саналаа өндөг уламжлалтай билээ. Аргентиний шилдэг довтлогч Месси энэ удаа дахин шилдгээр шалгарвал түүхэн амжилтын эзэн болно. Өмнө нь дөрвөн удаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан тоглогч байгаагүй юм. Сонирхуулахад эдгээр тоглогчид энэ жилийн Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөж, Иньеста шилдгээр тодорсон. Түүнчлэн энэ жилийн шилдэг дасгалжуулагчид урьдчилсан шатанд 10 мэргэжилтэн өрсөлдснөөс эцсийн шалгаруулалтад “Реал Мадрид”-ын Жозе Моуриньо, энэ жилийн Европын аварга Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Висенте Дель Боске, “Барселона” клубийн экс дасгалжуулагч Пеп Гвардьола нарын тунан үлдэв.  

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top