Монголын оюутны спортын холбоо анх удаа Азийн шилдэг спортын холбоогоор шалгарчээ. Тайландын Ча-Ам хотод болж буй Азийн оюутны спортын холбооны (АОСХ) Ерөнхий ассемблейн хурал, тус холбооны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр Монголын оюутны спортын холбоог Азийн шилдэг спортын холбоогоор тодрууллаа. Уг шагналыг Азийн оюутны спортын холбооны ерөнхийлөгч Занг Шиншинг, гүйцэтгэх хорооны гишүүн, Спорт, соёл, аялал жуулчлалын яамны газрын дарга Д.Жаргалсайханд гардуулан өгсөн байна.
Азийн оюутны спортын холбоо тивийнхээ шилдэг холбоог тодруулахдаа сүүлийн таван жилд хийсэн ажлаар нь дүгнэн шалгаруулжээ. Монголын оюутны спортын холбоо 2008 онд ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, 2010 онд сонирхогчдын боксын Дэлхийн оюутны аварга шалгаруулах IV тэмцээн, энэ онд эмэгтэйчүүдийн волейболын Азийн оюутны аварга шалгаруулах II тэмцээнийг эх орондоо хүлээн авч, өндөр түвшинд зохион байгуулсан төдийгүй жил бүр болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд баг тамирчдаа тасралтгүй оролцуулсаар ирсэн.
Сонирхуулахад АОСХ-ны Ерөнхий ассамблейтай зэрэгцээд Азийн оюутны аварга шалгаруулах элсний волейболын хоёрдугаар тэмцээн Ча-Ам хотод болж байгаа юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )