Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токиод хоёр дахь өдрөө болж, өндөрлөлөө. Өнөөдөр Монголын гурван жүдоч хүч үзсэн бөгөөд 81 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн нар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлөсөн. Тэгвэл жүдо бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн хүрэл медальт, Афины олимпийн хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалиар энгэрээ мялаав. Цагаанаа эхний даваанд БНСУ-ын Чун Чул Минийг юүкогоор, хоёрдугаар тойрогт эзэн орны Юсүхиро Аваног 4:08 минутад цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Харин медальтай үлдэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн чансааны долоод эрэмбэтэй Бельгийн Дирк ван Тишелттэй хүч үзэж, 2:30 минутад цэвэр ялсан юм. Харин хагас шигшээд Японы Шохей Онод 1:41 минутад ялагдсан байна. Энэ жинд манай бөхийг ялсан Оно Лондоны олимпийн мөнгөн медальт, нутгийнхаа Рики Накайг цэвэр ялж, жиндээ торойлоо. Түүнчлэн эзэн орны өсөх ирээдүйтэй жүдоч Юки Нишияма манай бөхтэй шагналын тавцанд зэрэгцэн зогссон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )