Японы нийслэл Токиод энэ сарын арваннэгдүгээр сарын 30 наас арванхоёрдугаар сарын 2-нд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 36 орны 268 жүдоч (эрэгтэй 161, эмэгтэй 107) хүч үзэв. Чансаа өндөртэй уг тэмцээнд түрүүлсэн жүдоч 5000, үзүүрлэсэн нь 3000, хүрэл медальт нь 1500 ногооны шагнал хүртсэн бөгөөд 10 тамирчин эх орноо төлөөлөн оролцож, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ. Хоёр хүрэл медальтай манайхан багийн дүнгээр 10 дугаар байрт орлоо. Харин эзэн орны жүдочид 10 алт, найман мөнгө, найман хүрэл медальтай багийн дүнгээр тасархай тэргүүлж, БНСУ гурван алт, төдийн тооны хүрэл медальтай, Нидерланд нэг алттай удаалав.
Ингээд Монголын цагаан өмсгөлтнүүд Токиогийн татамид хэрхэн барилдсаныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд долоо хоногийн өмнө Чиндаогийн Гран прид үзүүрлэсэн ОУХМ Д.Амартүвшин эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Казахстаны Асхат Телмановд юүко үнэлгээтэй тэнцэх торгуулиар ялагдав.
Уг жинд “Чингис хаан” Дэлхийн цомын хошой аварга ОУХМ Ч.Болдбаатар эхний тойрогт Бельгийн Сенне Вынсийг юүкогоор сөхрүүлээд дараагийн даваагнд Узбекистаны Диорбек Урозбоевд вазаригаар ялагдсан юм.
66 кг-д энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын мөнгөн медальт, ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Хонгконгийн Юун Кай Чуныг бүх үнэлгээ авч, цэвэр ялж, хоёрдугаар тойргийн барилдаанаа 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга, Испанийн Сигой Уриартетэй хийж, ялагдсан. Хоёр бөх хэн хэнээсээ үнэлгээ аваагүй бөгөөд испани эр хантэй буюу шүүгчийн манай бөхийг саналаар ялжээ.
73 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалиар энгэрээ мялаав. Цагаанаа эхний даваанд БНСУ-ын Чун Чул Минийг юүкогоор, хоёрдугаар тойрогт эзэн орны Юсүхиро Аваног 4:08 минутад цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Ингээд медальтай үлдэх шийдвэрлэх барилдаанд Бельгийн Дирк ван Тишелттэй хүч үзэж, 2:30 минутад цэвэр ялсан юм. Харин хагас шигшээд Японы Шохей Онод 1:41 минутад ялагдсан юм.
81 кг-д Лондоны олимпоос хойш анхны тэмцээндээ оролцсон “Лондон-2012” наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир нэгдүгээр тойрогт БНСУ-ын Хон Сук Вуныг алтан цагт вазари үнэлгээгээр сөхрүүлж, дараагийн даваанд чансааны наймдугаарт эрэмбэтэй Бразилийн Виктор Пеналбертай хүч үзэж, үндсэн цаг өндөрлөхөөс ердөө нэг минутын өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд цэвэр ялагдав.
ОУХМ Н.Дагвасүрэн эхний даваанд Узбекистаны Сухратжон Арслановд 1:12 минутад цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
-100 кг-д 2010 оны “Мастерс”-ын мөнгөн медальт, энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын аварга ОУХМ Б.Тэмүүлэн “С” хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин дараагийн даваанд эзэн орны Дайки Таниг вазаригаар, шөвгийн наймд Германы Дино Пфейфферийг юүкогоор сөхрүүлж, хүрэл медалийн болзол хангасан. Харин медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх барилдаанд эзэн орны Дайсүки Кобаяшид 3:12 минутад цэвэр ялагдав.
+100 кг-д Монгол Улсын заан Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөр эхний тойрогт уг тэмцээнийг тэргүүлэн барилдаж буй Лондоны олимпийн хүрэл медальт, Бразилийн Рафаэль Силвад 3:52 минутад цэвэр ялагдлаа.
Уг жинд Ф.Мөнхсүх эхний тойрогт ОХУ-ын Сослан Бостановт 1:17 минутад иппон буусан байна.
Эмэгтэйчүүдийн -78 кг-д МУГТ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн охин, спортын мастер М.Ууганжаргал эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд эзэн орны Рүика Сатод 3:45 минутад цэвэр ялагдав.
Тэмцээний дүн
Эрэгтэйчүүдийн 60 кг (21 жүдоч): 1. Наохиса Такато 2. Хиронори Ишикава (хоёул Япон) 3. Фелипе Китадай (Бразил), Софиан Милоус (Франц)
66 кг (25): 1. Жюмпей Моришита (Япон) 2. Давид Ларосе (Франц) 3. Михайл Пуляев (ОХУ), Томофүжи Такажо (Япон)
73 кг (26): 1. Шохей Оно 2. Рики Накай 3. Юки Нишияма (бүгд Япон), Хашбаатарын Цагаанбаатар (Монгол)
81 кг (27): 1. Ким Жэ-Бум (БНСУ) 2. Иван Воробьев (ОХУ) 3. Томохиро Каваками (Япон), Виктор Пеналбер (Бразил)
90 кг (17): 1. Ли Кью Вон (БНСУ) 2. Масаши Нишияма (Япон) 3. Ислам Бозбаев (Казахстан), Шохей Шимовада (Япон)
-100 кг (23): 1. Дайсүки Кобаяши (Япон) 2. Илиас Илиадис (Грек) 3. Баттулгын Тэмүүлэн (Монгол), Максим Раков (Казахстан)
+100 кг (22): 1. Ким Сун Мин (БНСУ) 2. Рафаэль Силва (Бразил) 3. Жеан Себастьен Бонвоисин (Франц), Рюү Шичинохэ (Япон)
Эмэгтэйчүүдийн 48 кг (11): 1. Харүна Асами (Япон) 2. Альварес Месире (Куба) 3. Жеон Бо Ген (БНСУ), Амели Росеню (Бельги)
52 кг (18): 1. Юки Хашимото 2. Нодока Танимото 3. Такүми Миякава (бүгд Япон), Янет Бермой Акоста (Куба)
57 кг (18): 1. Анзү Ямамото 2. Нозоми Хираи (хоёул Япон) 3. Лиен Чен-Лин (Тайвань), Аутомне Павиа (Франц)
63 кг (18): 1. Мэгүми Цугане 2. Кана Абэ (хоёул Япон) 3. Марисет Эспиноса (Куба), Рафаэла Силва (Бразил)
70 кг (19): 1. Линда Болдер (Нидерланд) 2. Харүка Тачимото 3. Юко Имаи (хоёул Япон), Хван Ю-Сул (БНСУ)
-78 кг (12): 1. Рюүко Сато 2. Акари Огата (хоёул Япон) 3. Эми Коттон (Канад), Хьюн Жи Юн (БНСУ)
+78 кг (11): 1. Мэгүми Тачимото (Япон) 2. Идалис Ортис (Куба) 3. Сара Асахина (Япон), Мариа Алтхеман (Бразил)
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )