Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 15 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цолцолборт амжилттай болж өндөрлөлөө. Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийг залуу халааг тодруулах, багууд хоорондын өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага солилцуулахаар зохион байгуулсан энэхүү тэмцээнийг Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, “АБААЗАН” сан хамтран ивээн тэтгэн явуулсан байна.
12 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд хот, хөдөөгийн 24 байгууллагын 460 гаруй тамирчин 10 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Хөвгүүдийн 30 кг-ын жинд Ч.Балжинням (Алдар), 34 кг-д Ш.Эрдэнэбаяр (Ирээдүйн одод), 38 кг-д Ч.Ганбаатар (Хангарьд), 42 кг-д Г.Цэнд (Өвөрхангай), 46 кг-д Сүрэнжав (Ирээдүй), 50 кг-д Д.Нохойхүү (Дархан-Уул), 54 кг-д Чинзориг (Ганьт), 58 кг-д З.Занабазар, 63 кг-д Ж.Сумьяабазар (хоёул Тэмүүжин), 69 кг-д Дэлгэрхангай (Ирээдүй) нар жин тус бүрдээ аваргаллаа. Багийн нийлбэр дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Хасу Мегаватт” клуб тэргүүлж, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Тэмүүжин”, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ дасгалжуулагчтай “Ирээдүй” цогцолбор удааллаа.
Түүнчлэн тэмцээний үеэр шилдгүүдийг тодруулсан бөгөөд шилдэг бөхөөр Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж, дасгалжуулагчаар Төв аймгийн спорт хорооны дасгалжуулагч Л.Энхбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Б.Дашням шалгарчээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )