Армений нийслэл Ереван хотод сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд 71 орны 406 ширэн бээлийтэн 11 жинд нударга зөрүүлж байгаа бөгөөд манай улсаас долоон тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Манай ширэн бээлийтнүүдээс гурав нь шөвгийн 16-д шалгараад байна.
49 кг-ын жинд М.Гандулам эхний даваанд хийлж, хоёрдугаар тойрогт Канадын Эван Гиллардыг 19:13-гаар ялж, Казахстаны Адилет Курметовтой тулалдах бол
56 кг-д О.Норовбал эхний тойрогт Шри Ланкын Дамитха Бадахамулле Гедараг онооны илт давуугаар буюу 25:2-оор, дараагийн даваанд Мексикийн Диего Де Ла Хойя Виллегасыг 11:6-аар буулган авчээ. Харин 69 кг-д Х.Ерган эхний тойрогт Японы Минамино Акифүмиг 23:9-өөр ялж, Казахстаны Айтзан Шлейевтэй тоглохоор боллоо. Манай гурван боксчин өнөөдөр 1/8-ын тоглолтоо хийнэ.
51 кг-д Х.Энхдэлгэр нэгдүгээр тойрогт Австралийн Попе Лиам Жеймсийг 25:11-ээр ялж, хоёрдугаар тойрогт Кубын Хевьер Кинтрон Окасиод 13:18-аар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
60 кг-д олимпийн аварга Э.Бадар-Ууганы амьдаа А.Бадар-Ууган эхний даваанд Болгарын Петар Драгоновыг 21:14-өөр ялж, хоёрдугаар тойрогт Ирландын Хугие Невинд 9:15-аар дийлдэв. Түүнтэй тулалдсан Ирландын боксчин Х.Невин 2008 оны Бээжингийн олимпод Бадараад ялагдаж байсан Жо Невиний төрсөн дүү аж.
Түүнчлэн 64 кг-д О.Батзориг эхний тойрогт Мексикийн Карлос Санчес Валадест 7:13-аар, 75 кг-д Х.Бекнур мөн нэгдүгээр тойрогт Гүржийн Берика Мхецадзе онооны илт давуугаар ялагдал хүлээв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )