Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийг жирэмсэн хүн зодсон гэх мэдээлэл гараад байна. Тиймээс эхлээд эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчингээс “Танай шавь хүн зодсон юм уу. Тийм мэдээлэл гараад байна” гэхэд “Хуцаж л байгаа биз. Юу гэж хүн зоддог юм. Миний хажууд бэлтгэлээ хийгээд явж байна” гэв. Ингээд лавшруулан өөрөөс нь асуухаар утас цохиход нэлээд удсаны эцэст ашгүй авав.
-Сайн байна уу. Өглөөний мэнд. Zindaa.mn сайтаас ярьж байна аа. Таны талаар нэгэн таагүй мэдээлэл гараад байна?
-Ямар мэдээлэл.
-Таныг жирэмсэн хүн зодсон гээд олон сайтад гарсан байна л даа. Өөрөөс тань үнэн зөвийг нь лавлахаар залгаж байгаа минь энэ...?
-Тийм үү. Би одоо л өөрөөс тань сонсч байна.
-Таныг нэлээд хүнд гэмтэл учруулсан. Бүр эмнэлэгт хүргэгдтэл нь зодсон гэх юм?
-Яг үнэндээ тэр биш би зодуулчихаад байна л даа.
-Тийм үү. Яагаад ийм хэрэг гараа вэ?
-Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын “Хишиг” компьютер худалдааны төвийн урд талын зогсоолд машинаа зогсоох гээд тэд нарыг “Машинаа жаахан холдуулаад зогсоочих тэгэх үү. Та нарыг машинаа жаахан цаашлуулчихвал болчих гээд байх юм” гэхэд “Хуцаад байна янхан минь. Дуугүй зайл” гэж доромжилсон.
-Зөвхөн машинаа жаахан цаашлуулаад зогсоочих гэж хэлсний төлөө ингэж уурлаж байгаа хэрэг үү?
-Харин тийм. Жолооч нь бололтой нэг бүсгүй гарч ирснээ учир зүггүй хашгичаад байсан. Тэгж байтал араас нь нэг хүүхэн залуу хоёр гарч ирсэн. Тэр хүүхэн нь намайг “Зайл янхан минь. Цаашаа биеэ үнэлээд яв” гэсэн. Намайг бүр үсдэж аваад бөөн юм болсон. Би биеэ хамгаалахын тулд цааш нь түлхсэн чинь хальтраад уначихсан. Юм мөргөөд уначихсан юм байлгүй хамарнаас нь цус гарч байгаа харагдсан. Төд удалгүй цагдаа ирж салгасан.
-Таныг найз залуутайгаа явж байсан гэсэн. Салгахгүй хараад зогсоод байсан хэрэг үү?
-Үгүй ээ. Би ганцаараа байсан. Хажууд байсан бол юу гэж зодолдоод байхыг хараад зогсч байх вэ дээ.
-Түлхэж унагаасан эмэгтэй чинь жирэмсэн байсан юм уу?
-Мэдэхгүй. Анзаарагдаагүй. Жирэмсэн байсан юм бол яах гэж хоёр хүний дундуур орсон юм. Бүр хэлэх хэлэхгүй үгээр доромжилж орилоод шүү. Удахгүй ээж болох гэж байгаа хүн юм бол тийм авир гаргаж болохгүй шүү дээ.
-Эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Тэгтлээ хүнд бэртсэн юм уу?
-Яагаа ч үгүй ээ. Зөвхөн хамарнаас нь л жаахан цус гарсан. Цагдаа харчихаад улам сүр бадруулж байхгүй юу. Сүүлдээ Баянгол дүүргийн шүүхэд хандана гэсэн.
-Тийм үү. Та тэр дүүргийн шүүхийн байгууллагад очсон уу?
-Үгүй ээ. За би одоо бэлтгэлээ хийж байна. Өөр зүйл яримааргүй байна.
-Багш тань энэ талаар мэдсэн үү?
-Үгүй. Та багшаас асуух гэж байгаа юм уу.
-Үгүй ээ...
-Аан. Багш энэ талаар одоогоор мэдээгүй болохоор битгий яриарай.
-Тэд таныг таниагүй болоод л тийм авир гаргаж дээ?
-Таниагүй байх аа. За за утсаа салгалаа.
У.Бодол
Сэтгэгдэл ( 3 )
тэр хүний буруу