Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шилдэг 32 багийн хэсгийн тоглолт өндөрлөлөө. 58 удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээний “А”, “В”, “С”, “D” хэсгийн сүүлийн тоглолт мягмар гаригийн үдэш боллоо. Дээрх дөрвөн хэсгээс дараагийн шатанд өрсөлдөх найман багийн нэр тодроод байсан бөгөөд эхний хоёр хэсэгт хэн нэгээр гарах вэ гэсэн асуултын хариулт өнгөрсөн шөнө тайлагдсан юм.
“А” хэсэг
ПСЖ (Франц) - Порту (Португал) 2:1
Гоол: Тиагу Силва 29 (1:0), Жексон Мартинес 33 (1:1), Эзекаль Лавесси 61 (2:1)
“А” хэсгийг хэн тэргүүлэх вэ гэсэн асуултын хариу энэхүү хоёр багийн сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарах ёстой байв. Өнгөрсөн зуны солилцоо, наймааны цонхоор хамгийн их мөнгө зарцуулсан ПСЖ хэргээ бүтээж, Португалийн “Порту”-г талбай дээрээ 2:1-ээр буулган авч, хэсгээ тэргүүлэхээр боллоо. Тоглолтын эхний хагасын 29 дэх минутад талбайн эзэн багийн хамгаалагч Тиаго Силва гоолдож, салхийг хагалсан бол үүнээс дөрвөн минутын дараа “Порту”-гийн Жексон Мартинес тооны харьцааг тэнцүүлжээ. Харин хоёрдугаар үеийн 61 минутад ПСЖ-ий аргентин довтлогч Эзекиль Лавеззи ялалтын бөмбөгийн шигтгэсэн байна.
Динамо Загреб (Хорват) - Динамо Киев (Украин) 1:1
Гоол: Ярмоленко 45+1 (0:1), Крстанович 90+5 пенальти (1:1)
Хорват, Украиний “Динамо” клубүүдийн дуэль Загреб хотод болж, 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар Украиний баг “Европын лиг”-т өрсөлдөхөөр боллоо. Цасан дунд өрнөсөн уг тоглолтын эхний хагасын сүүлийн минутад зочин багийн Андрей Ярмоленко гоол оруулж, салхийг хагалсан бол хоёрдугаар хагасын сүүлийн минутад талбайн эздийн хагас хамгаалагч Иван Крстанович торгуулийн 11 метрийн цохилтоор тоог тэнцүүлэв.
ПСЖ 15 оноо, Порту 13, Динамо Киев 5, Динамо Загреб 1
“В” хэсэг
Монпелье (Франц) - Шальке (Герман) 1:1
Гоол: Хеведес 56 (0:1), Эррера 59 (1:1)
Өнгөрсөн улирлын Францын аваргууд хэсэгтээ хомоол хамах нь нэгэнт тодорхой болсон. Гэсэн ч тэд нутагтаа “Шальке”-г хожиж, нэр төрийн ялалт байгуулах чин хүсэлтэй байсан ч 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа. “Шальке”-гийн төвийн хамгаалагч Бенедикт Хеведес хоёрдугаар хагасын 56 минутад гоол оруулсан. Үүнээс гурван минутын дараа талбайн эзэн багийн Эмануэль Эррера тэнцээний бөмбөгийг оруулжээ.
Олимпиакос (Грек) - Арсенал (Англи) 2:1
Гоол: Росицки 38 (0:1), Маниатис 64 (1:1), Митроглу 73 (2:1)
Грекийн аварга “Олимпиакос” “Европын лиг”-т өрсөлдөх эрхтэй болоод байв. Тэд Пирей хотдоо дараагийн шатанд өрсөлдөх эрхээ нэгэнт халаасласан “Их буучид”-ыг хүлээн авч тоглон 2:1-ээр буулган авлаа. “Арсенал”-ын чех хагас хамгаалагч Томаш Росицкий тоог нээсэн ч “Олимпиакос”-ын Маниатис, Митроглу нар дараалан гоолджээ. Ингэснээр Лондоны баг хэсэгтээ 10 оноотой болж, хоёрдугаар байраар гарахаар болов.
Шальке 12, Арсенал 10, Олимпиакос 9, Монпелье 2
“С” хэсэг
Милан (Итали) - Зенит (ОХУ) 0:1
Гоол: Данни 35
“Аваргуудын лиг”-т долоон удаа түрүүлсэн арвин их түүхтэй Италийн “АС Милан” шинэ улирлын эхэнд тааруухан тоглож, үнэнч хөгжөөн дэмчигчдийнхээ урмыг хугалаад байв. Гэсэн ч “Россенори”-чууд сүүлийн таван тоглолтод дараалан ялж, ямар ч үед барьц алдах баг биш гэдгээ харуулсан. Тэд өнгөрсөн шөнө сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга “Зенит”-д 0:1-ээр хожигдлоо. Тулааны цорын ганц гоолыг “Зенит”-ийн хагас хамгаалагч Данни эхний хагасын 35 минутад оруулсан байна. Өнгөрсөн зун Халк, Витселийн төлөө 100 сая ногоон гаргасан Санкт Петербургийн баг “Европын лиг”-т өрсөлдөх эрхтэй боллоо. Хэрэв тэд 14 хоногийн өмнө “Малага”-д талбайдаа хожсон бол өдийд хасагдах шатанд тоглох байв.
Малага (Испани) - Андерлехт (Бельги) 2:2
Гоол: Дуда 45+1 (1:0), Йованович 50 (1:1), Дуда 61 (2:1), Мбокани 90 (2:2)
Анх удаа “Аваргуудын лиг”-т өрсөлдөөд хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон Испанийн “Малага” Бельгийн аваргуудад найр тавьсангүй, 2:2-оор тэнцлээ. Тус тоглолтод “Малага”-гаас Дуда дубль хийсэн бол “Андерлехт”-ээс Йованович, Мбокани нар гоол оруулсан байна .
Малага 12, Милан 8, Зенит 7, Андерлехт 5
“D” хэсэг
Боруссиа (Герман) - Манчестер Сити (Англи) 1:0
Гоол: Шибер 57
“Үхлийн” хэсгийг нэгэнт тэргүүлэх нь тодорхой болсон Германы аваргууд Харин Английн аварга “Манчестер Сити” өрсөлдөгчөө гэрт нь заавал хожиж байж “Европын лиг”-т өрсөлдөх боломжтой байв. Тиймээс Манчинигийн шавь нар Дортмунд хотод ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах хүсэлтэй байсан ч 0:1-ээр хожигдсноор хэсэгтээ хомоол хамж, ирэх улирлыг хүлээх хэрэгтэй боллоо. “Боруссиа –гаас довтлогч Юлиан Шибер 57 минутад цорын ганц гоолыг оруулжээ.
Реал (Испани) - Аякс (Нидерланд) 4:1
Гоол: Криштиану Роналду 13 (1:0), Хосе Кальехон 28 (2:0), Кака 49 (3:0), Бурригтер 59 (3:1), Хосе Кальехон 88 (4:1)
Амстердам хотод болсон тоглолтод өрсөлдөгчөө гэрт нь 4:1-ээр бут ниргэсэн “Эзэн хааны баг” энэ удаа “Сантьяго Бернебау” цэнгэлдэх хүрээлэндээ “Аякс”-ыг мөн 4:1-ээр бут ниргэлээ. “Реал”-аас залуу хагас хамгаалагч Хосе Кальехон дубль хийж, Криштиано Роналду, Кака нар тус бүр нэг гоол оруулжээ. Харин Нидерландын аваргуудаас Дерк Бурригтер 58 дахь минутад нэр төрийн бөмбөгийг шигтгэсэн байна.
Боруссиа 14, Реал 11, Аякс 4, Манчестер Сити 3
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )