Монголын оюутны спортын холбоо анх удаа Монголын спортын түүхэнд Ази тивийн шилдэг спортын холбоогоор шалгарсан мэдээ Тайланд улсаас ирлээ.
Тайланд улсын Ча-Ам хотноо болж байгаа Азийн оюутны спортын холбооны /АОСХ/ Ерөнхий Ассемблейн хурал, тус холбооны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр Монголын оюутны спортын холбоо Ази тивийн шилдэг спортын холбоогоор шалгарчээ. Шагналыг АОСХ-ны ерөнхийлөгч Занг Шиншинг, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Д.Жаргалсайханд гардуулан өгсөн байна.
АОСХ-ны Ерөнхий Ассамблейтай зэрэгцээд Азийн оюутны аварга шалгаруулах элсний волейболын хоёрдугаар тэмцээнд ЧаАм хотноо явагдаж байгаа юм. Манай улсаас эрэгтэй эмэгтэй төрөлд 4н тамирчин дасгалжуулагчийн хамтаар оролцож байна. Эдгээр тамирчид Монголын оюутны спортын холбоо Азийн шилдэгээр шалгарсанд талархал илэрхийлж, шагнал гардуулах ёслолд оролцжээ.
Азийн оюутны спортын холбоо тивийнхээ шилдэг холбоог тодруулахдаа сүүлийн 5 жилд хийж бүтээсэн ажлаар нь дүгнэн шалгаруулсан байна. Монголын оютны спортын холбооны тухайд:
2008 онд Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний I тэмцээн
2010 онд Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн
2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээнийг эх орондоо хүлээн авч өндөр түвшинд зохион байгуулсан төдийгүй жил бүр болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд баг тамирчдаа тасралтгүй оролцуулсаар байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )