Завшаан хайгч Загдсүрэнгээс салж, зангарагтай хүнийг сонгохсон

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

                Маргааш МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Спортын үнэнч дэмжигч миний хувьд завшааныг ашглаад санаж явдаг үгээ чангахан хэлчихье гэж бодлоо. Миний үгээр үг хийх хүн Олимпийн хорооны сонгуультнууд дунд байхгүй нь тодорхой. Хаданд хашгирснаас нийгэмд хашгиръя гээд үүнийг тэрлэв.  Монголын спортын төлөө юм шүү!

 

Үндэсний олимпийн хороо

                1956 оны 3 сарын 5-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 43/47 тогтоолоор “Спортын холбоодыг ОУСХ-нд элсүүлэх мөн МҮОХ байгуулах” гэсэн шийдвэр гарчээ. Ийнхүү МҮОХ зохион байгуулагдаж, 1960 онд ОУОХ-д элсэх хүсэлтээ гаргав. 1962 онд ОУОХ-ны 60-р чуулганаар хүсэлтийг ёсоор болгож, Монгол улс МҮОХ-ны 69 дэхь гишүүн болжээ.

                Коммунистууд Үндэсний олимпийн хороог Залуучуудын Холбоо, Үйлдвэрчний эвлэл зэрэг хуурамч(pseudo) төрийн бус байгууллагууд байгуулсан шигээ санаж явжээ. Тийм ч учраас Биеийн тамир спортын асуудал хариуцсан төрийн албан тушаалтныг давхар МҮОХ-г удирддаг байхаар журамлаж байв. Буруу ойлголтоос үүдсэн хөгтэй явдал ч бий. Ш.Магван Биеийн тамир, спортын хорооны дарга байхдаа ОУОХ-ны гишүүнээр сонгогджээ. Түүнийг төрийн ажлаас өөрчлөгдөхөд оронд нь томилогдсон Г.Дамдин ОУОХ-ны хурал дээр давхиад очиж, цаадуул нь хүлээж авахгүй гээд онигоо шиг юм болж байсан байдаг. Учир нь ОУОХ-ны гишүүн нь(монголынх биш шүү!) бүх насаараа сонгогддог юмсанж. МҮОХ-ны ерөнхийлөгчдөөр Э.Дарьсүрэн, Ж.Лхагвасүрэн, Д.Ядамсүрэн, Н.Норолхоо, Ш.Магван, Г.Дамдин, Д.Дашдовдон, Г.Дашзэвэг, С.Болд, С.Жамц, Ш.Отгонбилэг, Д.Загдсүрэн нар ажилласан. Эндээс тогтож ярих хүн маань сүүлийнх.

Д.Загдсүрэн гэж хэн бэ, тэр олимпийн хороог хэрхэн завхруулав?

                Завхан аймгийн Нөмрөг суманд илгээлтээр хонь маллаж явсан жаалхүү Д.Загдсүрэнг Монгол банкинд ажилд орсон Д.Моломжамц ах нь хот руу дуудснаар Анагаахын дунд сургуульд сурах болжээ. Том ах нь түүний амьдралыг бүхий л замыг заасаар байгааг өөрөө гавъяат цолныхоо найран дээр хөлчүүрхэн олонд зарлаж байлаа. Ангаахын дундыг төгсөөд лаборант хийж байхад нь мөн л том ах нөлөөлж, “анагаахын дээд сургуульд хаалгадан байж оруулсан” гэж Д.Загдсүрэн ярьдаг. Спортын ордны эмч болж цалингаасаа гадуур орлого олохын тулд “Хэрэв та өндөр болохыг хүсвэл”, “Хэрэв турахыг хүсвэл” зэрэг ном бичиж, тэр нь борлогдохгүй зовоож явсан үед нь ахиад л ах нь аминд нь оржээ.

                Д.Моломжамц тэр цагт Монгол банкны Ерөнхийлөгч болчихсон, энэ улсын мөнгөний авдар дээр сууж байлаа. Тэр Монгол банкыг ямархуу удирдаж байсныг яруу сайхан тодорхойлсон хүн нь 90 саяын Б.Гансүх юм. Б.Гансүх шоронд сууж байх үедээ 1996 онд “Бизнес таймс” сонинд өгсөн ярилцлагадаа: “90 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8.5 хувийн хүүтэй зээлэхэд Монгол банкны Д.Моломжамц, О.Чулуунбат зэрэг хүмүүс тусласан. Хүссэн зээл маань 100 сая байсан боловч О.Чулуунбат 10 саяыг нь үлдээсэн. Тэр зээл 3 - 4 хоногт бүтсэн дээ” гэжээ. Д.Моломжамц ямар ч барьцаагүйгээр 90 сая төгрөг, хоосон төсөлд зээлээд алдсан. Улсын мөнгөнд ийм хайхрамжгүй ханддаг хүнд Эрдэнэт үйлдвэрийн дарга асан  Ш.Отгонбилэг үйлдвэртээ гадаадын хөнгөлөлттэй зээлээс олж авахаар хандсан нь Д.Загдсүрэнгийн цаашдын замыг заасан хэрэг болсон юм. Д.Моломжамц уг нь тун жоохон юм хүсчээ. Ердөө спортын ордны эмч нэртэй, тамирчдад массаж хийх, шархны лент наахаас хэтрэхгүй, амьжиргаа ядруухан яваа дүүгээ Эрдэнэтэд гайгүй ажилд авчих л гэж. Ш.Отгонбилэг түүний санаснаас илүү боломжийг өгч, өөрийн сонгуульт ажил болох МҮОХ-ны дэд Ерөнхийлөгчийн албыг амлажээ.               

                Удалгүй УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг онгоцны ослоор амт үрэгдэхэд оронд нь дэд Ерөнхийлөгч байсан Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгч болсон юм. Дүрмэнд дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч болно гээд заачихсан болохоор ингэсэн юм. Д.Загдсүрэн 2004 он хүртэл 2 жилийг өөрийгөө Ерөнхийлөгчөөр сонгуулах ажилд бүтэн зориулж тэр үеэс сонгогдох алтан аргатай болж эхлэсэн авай. 2004, 2008 онд улиран сонгогдож нийтдээ 10 жил МҮОХ-ны Ерөнхийлөгчийг суудлыг зайдлажээ. Алтан арга нь юу байсан юм болоо гэж үү?

                Их амархан. Гэрэл цацартал худал амлана. Их төлөв БТСУХ-ны хийх гэж байгаа болон хийсэн ажлуудыг өөрийн болгон шүүрч, гоёчилж, баяжуулан томруулж, амлах замаар сонгогдох замаа засна. 2004 оны сонгуулийн өмнө 7000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн босгоно гэж исгэрсэн нь Засгийн газрын төлөвлөгөөнөөс Хятадын буцалтгүй тусламжаар баригдах Шинэ Спортын ордны талаар олж мэдсэнээ гоёчилсон хэрэг байж. Гэнэн цайлган спортынхон түүний уран донгодоонд итгээд сонгочихож. 2008 онд Олимп хотхон байгуулна гэж шүгэлдсэнд хээгүй, гүдэсхэн спортынхон ахиад л хууртав. Олимпийн хотхон одоогоор сураггүй байгаа. Өөрөө болохоор Эрдэнэт үйлдвэрийн амралтын газрыг “энэ шүү дээ” гэж заадаг. 2012 оны сонгууль болохын өмнө ахин нэг үлгэр дэглэлээ. “23 спортын төрлийн бэлтгэлийг хийх боломжтой, 18 заалтай, 15 давхар Спортын төвийг 2 жилийн дотор босгох” үлгэртээ Д.Загдсүрэн өөрөө ч итгэхгүй байгаа. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид Азийн олимпийн зөвлөл, Олон улсын олимпийн хороонд хандан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө өгсөн. Уг нь олон улсын байгуулагуудад спортын барилга байгууламж барих төсөл байдаггүй юм. Гэхдээ манайд зориулан тусгай хөтөлбөр хэрэгжүүлжээч гэж хүснэ” гэсэн нь бүтэхгүй гэдгийг нь илчилж байна. Олон улсын байгууллагуудын журамд барилгад мөнгө өгөхгүй гээд заачихсан л бол монголд зориулж дүрмээ өөрчлөх, зөрчих гэж байхгүй.

                Д.Загдсүрэнг найгүй худалч гэдгийг бүгд мэддэг. Гавъяат тамирчин Н.Баярсайхан Лондонгийн олимпийн дараахан сонинд “Д.Загдсүрэн дарга маш олон удаа худлаа ярьж, биднийг хуурсан” гэж мэдэгдэж байлаа. Тэгвэл Д.Загдсүрэн яаж Ерөнхийлөгчөөр сонгогддог юм бэ? гэсэн асуулт гарна. Хариулт бас л амархан. “Санал багцлах” гэж хуйвалдааны шалгарсан аргатай ажээ. Жишээ нь: 2007 оны 12 сард болсон хуралд МҮОХ-ны гишүүн 91 хүнээс 50 орчим хүн сууж, 27 хүний саналаар Д.Загдсүрэнг ахин сонгожээ. Өөрийг нь дэмжихгүй байх магадлалтай хүмүүст хурлын зар хүргэхгүй, эсвэл тэднийг хуралд суух боломжгүй үеэр хурлаа зарлана. Хуралд суусан хүмүүсээс 51 хувь гаранг нь мөнгө, шагнал амлах замаар талдаа татна. Ингээд л болоо. Хэнэггүй, цайлган нь дэндсэн тамирчид ердөө 27 хүний сонголтонд чадуулаад сууж байдаг юм.

                Д.Загдсүрэн “миний үед хоёр ч олимпийн аврага төрсөн” гэж өөрийн гавъяа мэт сайрхдаг. Энэ гавъяа түүнд биш Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын олимпийн боксын холбоо болон БТСГ-ын дарга асан Г.Наранбаатарт л хамаатай юм. Д.Загдсүрэн олигтойхон байсан бол харин монголын спорт илүү их амжилтанд хүрсэн байх байлаа. Сав саарал, олиггүй нэгэн олимпийн чухал суудлыг бөглөснөөр монголчуудын алдсан боломжийг хэн ч ярьдаггүй, бичдэггүй. Илүү ихийг хүсдэг спортын хорхойтнуудаа төлөөлөөд мөхөс би л зориглож байна.

                21 аймагт суух ҮОХ-ны төлөөллийг тэр ийм замаар өөрийн болгосон байх ба энэ үйлст нь асар, басар хоёр нь тусладаг.  Ж.Отгонцагаан, Ц.Дамдин гэж хүмүүс түүний хамаг бохир ажлыг гардан гүйцэтгэж, МҮОХ-ны Ерөнхийлөгч байх замыг засах бөгөөд шанд нь дураар авирладаг ажээ. Ж.Отгонцагаан гэдэг нь хэвлэл мэдээллийнхнийг илбэн тохинуулах, хянах, аргадах үүрэгтэй нэгэн. Харин Ц.Дамдин болбоос спортынхны хилэнг намжаах, төөрөгдүүлэх, талдаа татах үүрэгтэй гэнэ.

                Хамгийн гол нь эдгээр хүмүүс МҮОХ-ны үндсэн үүргийг хөсөр хаяж, олон улсын олимпын хартийг салхинд хийсгэж суудаг юм. Д.Загдсүрэн олимпизмыг яаж завхруулж байсныг одоо авч үзэцгээе.

Д.Загдсүрэнгийн завхруулгууд

                завхруулга 1. Үндэсний олимпийн хороо бол Хартид зааснаар эх орондоо олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх, боловсрол олгох, ОУОХ-ны ивээл дор болж байгаа арга хэмжээнд Монголын баг тамирчдыг ОУОХ, Зохион байгуулах хороонд төлөөлөх үүрэг гүйцэтгэж байдаг, улс төрөөс ангид байж олимпийн хартид заасан зорилтыг л хэрэгжүүлдэг, ажил нь тодорхой хүрээнд хязгаарлагдмал байгууллага байх ёстой.

                Гэтэл одоо МҮОХ нь Монголын биеийн тамир, спортыг бүхэлд нь удирддаг байгууллага юм шиг ойлголт тарааж, барилга байшин бариулахад онцгой анхаарах болчихсон явж байдаг. Спортын барилга байшин, материаллаг хэрэгсэл, санхүү, зохион байгуулалт зэрэг нь төрийн үндсэн үүрэг юм. МҮОХ нь бусад төрийн бус байгууллагын нэгэн адил статустай байж, үзэл санаа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, олон улсын спортын байгууллагуудтай холбож өгөх, төлөөлөх л үүрэгтэй юм. Мань Д.Загдсүрэнд олимпийн хорооны мөнгө чамлалттай санагдмагц  2005 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын спортын зөвлөх болоод авчээ. Даварсаар Дагвын орон дээр гарах үлгэрээр тэр 2007 оноос Биеийн тамир, спортын улсын хороог татан буулгаж үүрэг, статусыг нь олимпийн хороонд нэгтгэх, улмаар олимпийн хороог төсвөөс санхүүждэг болгохоор чармайж эхлэжээ. Д.Загдсүрэн Yндэсний шигшээ багийг тараах, Биеийн тамир, спортын хороог татан буулгах, “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийг хүчингүй болгох замаар биеийн тамир, спортын асуудлыг Үндэсний олимпийн хороонд нэгтгэхээр улс төрчидтэй хуйвалдаж байсан юм.             

                Учир нь Засгийн газраас спортод анхаарч БТСУХ-нд 2006 онд 500 гаруй, 2007 онд 1.3, 2008 онд 1.9 тэрбум төгрөг төсөвлөснийг хараад Д.Загдсүрэнгийн шунал бадарсан бололтой.  Үүний тулд Д.Загдсүрэн УИХ-аас баталсан “Биеийн тамир,спортын тухай хууль”-ийг хүчингүй болгоод, хуульгүйгээр, их хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг өөртөө авахаар санаархаж байлаа.

                Монголын тамирчдын аз гийхэд тэр цагт эрүүл сэтгэлгээтэй хүмүүс Д.Загдсүрэнгийн санаархлыг тас цохисон юм. Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан: -Д.Загдсүрэн хэд хэдэн хуулийг, бас олон улсын олимпийн хартийг ч зөрчсөн. МҮОХ төрөөс татаас авах нь олимпийн хартид хориотой зүйл. Олимпийн үйл ажиллагаа, хараат бус байна гэдгийг гол болгодог байтал мөнгө авч, бие даасан байдлаа алдсан. МҮОХ том нэртэй, арваад ажилтантай биеийн тамирын нэг л мэргэжлийн хүнтэй байгууллага. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн спортын дээд боловсролгүй хүн тул хийх юмаа сайн мэдэхгүй байгаа юм уу даа хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан билээ.

                Олимпизмын гол үзэл санааг шившиглэж, улс төрөөс ангид байх зарчмыг уландаа гишгэж улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөх хийж байсныхаа төлөө Д.Загдсүрэн ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр БТСУХ-ны дарга байх нь илүү зохимжтой болохоос хараат бус байх учиртай ҮОХ-ны дарга тэнд юу хийж явсан байх вэ? Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен “Олимпийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид, хараат бус байна” хэмээн тунхагласныг мэддэг л баймаар юм.

                завхруулга 2. Д.Загдсүрэн Ерөнхийлөгч болохоос өмнө МҮОХ нь олимпийн хартиийн дагуу үүргээ гүйцэтгээд яваад байдаг, төрийн ажилд анхаардаггүй байгууллага байжээ. МҮОХ нь тамирчдыг олимпод бэлтгэдэг, хөрөнгө, мөнгө гаргадаг, зарцуулдаг байгууллага огт биш. Олимпод оролцох баг тамирчдыг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд сонгон бэлтгэж, хөрөнгө мөнгийг захиран зарцуулдаг. Олимпийн хороо барьж аваад хийх бус дэмжих л үүрэгтэй юм. Энэ бол дүрмээр заагдсан үүрэг. Тийм ч учраас 2000 оны олимпоос медальгүй ирсэн үед МҮОХ-ны Ерөнхийлөгч дөнгөж болоод байсан Д.Загдсүрэн “МҮОХ олимпод оролцуулдахаас бус, бэлтгэдэг байгууллага биш, Засгийн газар л хариуцлагаа хүлээнэ“ гэж хэлж байсныг олон хүн гэрчилнэ. Энэ бол хариуцлагаас зугтаасан биш, дүрмэндээ л захирагдсан хэрэг. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ахин сонгогдсон 2004 оноос Д.Загдсүрэнгийн хэлсэн, ярьсныг харахад тэрээр байнга ад шоо үздэг БТСУХ-ны хийсэн ажлуудыг хамж, өөртөө хамааруулан ярих болсон байдаг.

                Уг нь Д.Загдсүрэн 2004 он хүртэл олимпийн бэлтгэл, Спортын төв ордны бэлтгэлийн заалаар нэг ч орж үзээгүй, спортын амьдралаас хол хөндий нэгэн байгаа. Ерөнхийдөө МҮОХ-ны зардлаар гадаадад л амарч байдаг байж. 2004 оны Афины олимпоос ганц хүрэл медаль авахад мань хүн, Үндэсний олимпийн хороо л Х.Цагаанбаатарт олимпийн хүрэл медаль олгочихсон юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байдал үзүүлж, ярьж эхлэжээ. Тэр үеэс хойш Д.Загдсүрэн нь ажлын тайландаа Монгол Улсын Засгийн газрын хийсэн ажлыг шүүрч авч ярих нь ёс болжээ. Их ажил хийсэн дүр үзүүлэхэд гэхдээ “Бөртэ Чоно” оны шагнал гэж арга хэмжээ зохион байгуулж, шагнагдах хүмүүс нь бүгд БТСУХ-ны шигшээ багаас цалин авдаг тамирчин, дасгалжуулагч нар байдаг нь гачлантай. Муу хэлсэн БТСУХ-гоо яалт ч үгүй үнэлэх ёстой болдог, энэ нь нийгэмд Д.Загдсүрэн их ажил хийгээд байна гэсэн ойлголт төрүүлэх ёстой болохоор наашаа харж инээгээд цаашаа харж ярвайн байж шагнадаг ажээ.

                Д.Загдсүрэн их ажил хийсэн болж харагдахын тулд хэлсэн нэг үг нь спортынхны дунд онигоо болон хэлцэгддэг юм. “Олимпийн хорооны цагаан байрыг та ашиглалтад оруулсан билүү? гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрбээр ичих ч үгүй “Тийм” гэж хариулсан. Үнэн хэрэгтээ бол Ш.Отгонбилэг агсан хөөцөлдөж байгаад бүх хөрөнгө мөнгийг босгоод, ашиглалтанд орохынх нь өмнө бурхан болсон билээ. Д.Загдсүрэн зөвхөн нээлтэнд нь оролцсон байдаг.

                завхруулга 3. Д.Загдсүрэн МҮОХ-ны хөрөнгийг маш бүрхэг зарцуулж, барилгын компани болгон хувиргасан. Олимпын хороо 10 ажилтантай атал ажилчдын сууц гэж 60 айлын сууц бариулжээ. Өөрөө энэ талаар хэвлэлд “IV хороололд 60 айлын орон сууц бариулсан. Ажилчдаа оруулаад, үлдсэн хэсгийг нь зараад балансаа барьчихсан. Нэг дор бөөнөөрөө амьдрах сайхан байдаг” гэжээ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн ч бодож чадах бодлого бодъё. 60-аас 10-ыг хасахаар 50 болно. 50 нь 10-тай баланслах бус тав дахин давж гарна. Тэгэхээр МҮОХ Олимпийн харти, монгол улсын ТББ-уудын тухай хуулийг зөрчиж хийсэн 4 нугалсан ашигтай бизнесийнхээ тооцоог ил тод тайлагнах хэрэгтэй болж байна. Д.Загдсүрэн Ерөнхийлөгч болмогцоо л ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрээр газар авч зардаг, байшин бариулж түрээслэдэг бизнестэй болсон. Ямар эх үүсвэрээс санхүүжээд, орлого хаашаа яваад байгааг Олимпын хорооны гишүүд ч мэддэгүй, тодорхой мэдээлэл өгдөггүй гэдгийг доктор Д.Жаргалсайхан хэлж байлаа. Барилгын бизнесээ анхаарах хооронд нь олимп, спортын ажлыг нь спортын холбоод БТСУХ амжуулдаг.

                Д.Загдсүрэн олон улсын төслөөр их мөнгө авсан хирнээ юу ч хийдэггүй, хандивлагч байгууллагад худлаа тайлан гаргаж өгдөг ажээ. Азийн олимпийн зөвлөлөөс 2002 онд “Өсвөр үе, залуучуудын спортын бэлтгэлийн төв” барих нэрээр 100 мянган доллар авсан. Тийм барилгыг Азийн олимпийн зөвлөл байтугай монголчууд мэдэхгүй сууж байна. Д.Загдсүрэн Азийн олимпийн төвд тайлагнахдаа ийм төв бодитойгоор ажиллаж байгаа, 2002 оны 4 сард эхлүүлж, 2003 оны 8 сард дуусгасан, Улаанбаатар хотын төвөөс 22 км зайд, Хан-Уул дүүрэгт байдаг гэсэн худал мэдээлэл өгчээ. Баримт болгож Нарантуул спортын төвийн барилгын зургийг хавсаргасан нь ичгүүртэй явдал болжээ. Та бүхэн “Olympic Asia” дөрөв дэх төслийн сайт руу http://www.ocasia.org/P4.asp хаягаар ороод шалгаж болно.

                Олимпийн тамирчдад олон байгууллагаас дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулан ажилладаг. 2008 оны Бээжингийн олимпийн тамирчдад зориулан өгсөн мөнгө, эд зүйлсийг МҮОХ өөртөө аваад тамирчиддаа өгсөнгүй. МҮОХ-ны зардалд ашиглачихжээ. Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Баярсайхан “Олон улсын олимпийн хорооноос олимпийн эрх авсан тамирчин бүрийн нэр дээр мөнгө өгдөг. Олон улсын олимпийн хорооны сайт дээр байгаа. Олимпод монгол 29 эрх авсан. 29 тамирчны нэрээр хэдэн доллар орж ирсэн, яаж зарцуулсныг ил тод тайлагнах ёстой, үгүй л байхгүй юу. 2008 оны олимпод зориулж "Мон-Уран" компани Үндэсний олимпийн хороонд Олимпийн өмнө 200 саяыг нь, дараа нь 200 саяыг өгсөн. Сүүлийн 200 саяыг өгөхөд нь би байлцсан. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулсан юм бүү мэд” гэсэн нь МҮОХ-нд бугшсан асуудлыг сөхсөн нэг л жишээ юм.

                Олон улсын байгууллага, гадаад улсуудаас МҮОХ-гоор дамжуулан “Монголын спортод” хаягласан маш олон тусламжийн хувь заяа тодорхойгүй. Тусламж хаагуур зарцуулагддагийг, яагаад тамирчдад очдоггүй, очсон ч гэсэн дутуу байдгийн учрыг олох л хэрэгтэй. Олимпийн наадамд оролцсон тамирчдын тээвэр, хоол, байрны зардлыг Засгийн газраас гаргадаг. Гэтэл МҮОХ энэ зорилгоор хүсэлт гарган олон улсын байгууллагаас давхар санхүүжилт авч, орлого олдог нь тодорхой болсон. Үүнийгээ “бусад ҮОХ-д ч ингэдэг” гэж өмгөөлөн ярьж явсан нь ёс зүйн уналтанд орсны илэрхийлэл юм.

                МҮОХ “Нью жуулчин тур” гэж компаниар олимпийн билетийг 800 еврогоор шаглуулжээ. Гэтэл газар дээрээ 1 тасалбарыг 900 мянган төгрөгөөр зарагдаж байсныг Н.Баярсайхан гэрчилж байна. “Монголын олимпийн хорооны түнш жуулчны компаниар ирсэн гээд хэдэн монгол үзэхгүй тэмцээний билетээ зарах гэж яваад цагдаад баригдчихсан. "Хулхидууллаа", "Шулууллаа" гэж гомдоллосон л хүмүүс” хэмээн Н.Баярсайхан илчилсэн байх юм.

                Д.Загдсүрэн МҮОХ-ны мөнгөөр эхнэр, хүүхдүүдээ олимп үзүүлэн жаргаах төдийгүй хоёр охиноо Москвагийн Анагаах ухааны их сургууль, Тяньжин хотын Анагаахын дээд сургуульд сургасан байх магадлалтай гэсэн мэдээлэл тархсныг шалгаж үзэх хэрэгтэй байх.

                завхруулга 4. Д.Загдсүрэн олимпизмын үзэл санааг гутааж, хартийг мартжээ. МҮОХ-ны дүрмэнд яаралтай маш олон өөрчлөлт хийх цаг болсон. Үзэл санаагаа шинэчлэх, МҮОХ-ны дүрмийг олимпийн хартид нийцүүлэн бүрэн өөрчлөхийн тулд шинэ удирдагч л хэрэгтэй. Д.Загдсүрэн МҮОХ-г маш хаалттай байлгаж, хурлаа сэм зарлаж хийх, ирцийг дөнгөж бүрдүүлэх зэрэг башир аргатай. Хоёр ч удаа хуйвалдааны зарчмаар, хууль бусаар өөрийгөө сонгуулчихаад байгааг болиулахгүй бол монголын спорт хөгжихгүй.

                Юуны өмнө МҮОХ нь олимпийн хартийн дагуу жил бүрийн тайлангийн хурлынхаа өмнө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар санхүүгийн тайлангаа хянуулж, ил тод болгох ёстой. Д.Загдсүрэн өөрийгөө дархлаж, ОУОХ-ны гишүүд шиг насаар нь сонгох жишгийг тогтоох гээд байгааг зогсоохоос өөр арга байхгүй. Шинэ удирдагч л шинэ уур амьсгал, бүтээлч ажлыг авчирна.

                Үндэсний олимпийн чуулганыг 8 жилд нэг удаа хийдэг болгох нь зүйтэй юм. Түүнд нь төр, олон нийтийн зүтгэлтэн, тэдгээрийн төлөөлөгч нар, олимпийн төвийн хүмүүс, холбоод, олимпийн медальтан тамирчид, дасгалжуулагч, хот, хөдөөгийн биеийн тамир, спортын байгууллагын ажилтнууд гээд олон нийтийн төлөөлөл оролцож уриалга, зөвлөмж гаргадаг, тэр нь МҮОХ-ны удирдлагын баримтлах үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр болж байх нь ирээдүйтэй чиг юм. ОУОХ-нд ч олимпийн их хурал гээд 8 жил тутамд болдог арга хэмжээ бий.

                завхруулга 5. МҮОХ өнгөрсөн хугацаанд элдвээр шоудаж сэтгэгдэл төрүүлэх, өөрсдийгөө магтах реклам, мэдээллийн ажлыг сайн хийж сурчээ. Олон нэр төрлийн медаль гарган хүмүүсийг баруун, солгойгүй шагнадаг. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч бүрийг зусардаж яагаад өгсөн нь тодорхойгүй шагналаар булдаг мэхтэй.

                Өөрсдийгөө дөвийлгөн магтах, загвардах ажилдаа олон улсын болон гадаад орны спортын албан тушаалтнуудыг ашигладаг. Тэднийг ээлж дараалаг Монголд урьж авчраад, төрийн дээд албан тушаалтнуудтай ээлж дараалуулан уулзуулсныгаа их ажилд тооцон, телевизээр сурталчилдаг. Ийм башир аргад нь төр, засгийн удирдлага хууртах нь ч бий.

                МҮОХ гол ажлаа нь шагнал гардуулах, зочин урих, өөрсдөө зөрж уриулан гадаадаар аялах, барилга барих зэрэг болж, үүнд л хамаг цагаа бардаг. МҮОХ-ны ажилтнууд Олимпийн болон Азийн наадмын үеэр олон улсын болон бусад орны БТС-ын төрийн байгууллага, ҮОХ-ны удирдлагыг БТСУХ-ны төлөөлөлтэй уулзахгүй харамлах, харилцаа холбоо барихад саад тотгор учруулах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас Азийн 2002 оны наадмын дараа Засгийн газрын төлөөлөгчөөс хатуу сануулга авч байлаа.

                Ж.Отгонцагаан гэгч этгээд бол Д.Загдсүрэнгийн суртал нэвтрүүлэгчийн үүргийг гүйцэтгэгч юм. Тэрээр санаачлан спортынхноор Д.Загдсүрэнг “Цагаан ордны ерөнхийлөгч” гэж хүндэтгэн дуудуулж байх санал гаргаж, даруй хэвлэлийнхэнд уламжилжээ. Америкийн Ерөнхийлөгч шиг дуудуулж байх хүслийг нь зарим  нэг хэвлэл зусарчаар хангасан ч удаа бий.

                Монголын үндэсний олимпийн хорооны зарим гишүүд хорооныхоо удирдлагуудын шударга бус үйл ажиллагааг шүүмжилж "Дотоод ардчилал байхгүй. Олон улсын олимпийн хорооноос өгсөн мөнгө хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг. Цэнгэлдэх хүрээлэн барих ёстой мөнгийг өөр зүйлд зарцуулсан" хэмээн Монголын үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнд шаардлага тавьжээ. Д.Загдсүрэн тэдэнд “удахгүй Жак Рогге айлчлах гэж байна. Түүнийг байхад ийм зүйл ярихгүй байгаач, явсных нь дараа "асуудлаа" зохицуулцгаая” гэсэн утгатай захидал илгээсэн байна. Бүр 2004 оноос л Монголын үндэсний олимпийн хорооны гишүүд Олон улсын олимпийн хороонд Үндэсний олимпийн хорооны шударга бус үйл ажиллагааны талаар баримт нотолгоотой захидлыг удаа дараа хүргүүлж байжээ. Захидлын дагуу дутагдлаа засахыг даалгасан хариуг Жак Рогге тухай бүрт нь Монголын үндэсний олимпийн хороо руу явуулж байсан ч Д.Загдсүрэн нуун дарагдуулж, бусад гишүүддээ хэлдэггүй байсан байна. Үүнээс болж өнөөг хүртэл Монголын үндэсний олимпийн хорооны гишүүд дунд үл ойлголцол оршсоор байгаа аж.

                Жак Рогге монголын сэтгүүлчидтэй уулзах үеэр дээрх захидлын талаар тодруулахыг хүссэн сурвалжлагчийг Монголын үндэсний олимпийн хорооныхон дарамталж, өрөөнөөс гаргахаар чирж, гар хөлнөөс нь чангаан "Хэн чамайг ийм асуулт асуу гэсэн юм бэ. Чи хаанаас ирсэн хэн бэ. Ямар сониных вэ" гэхчилэн загнаж, гэрэл зургийг нь авч, эрхлэгчид хэлж ажлаас чинь халуулна гэж дарамталж байжээ. Сурвалжлагч "Монголын үндэсний олимпийн хороог хэр ардчилалтай хороо гэж та боддог вэ?" хэмээн Жак Роггиос асуусныг орчуулагч нь гуйвуулж, “Монголын Үндэсний Олимпийн хороог хэр зэрэг үнэлдэг вэ?” гэж орчуулж байжээ. Энэ бусармаг ажиллагааг Ж.Отгонцагаан гардан зохион байгуулсан байдаг.

                Энэ мэт ёс зүйгүй, увайгүй завхруулга хийсэн этгээд хүн чанараар ч маруухан нэгэн байх юм.

 

Д.Загдсүрэнгийн хүн чанар хөлийн хуруу шигээ ажээ.

 

                Д.Сүхбаатар хэмээх Төв талбайн өмнөх цэцэрлэгт мэргэ төлөг буулгаж амиа зогоодог нэгэн өвгөн 2010 оны 8 сарын 3-нд "Улс төрийн тойм сонинд" ярилцлага өгчээ. Түүний ярьснаас үзэхэд 1991 онд “Бумба” гэдэг банкийг үүсгэн байгуулсан ч Д.Загдсүрэнгийн ах Монгол банкны Ерөнхийлөгч асан Д.Моломжамц ихэд хавчсаар дампууруулсан гэнэ. “Банк байгуулахаар тэр үед эдийн засгийн хавчлага гэдэг юм байж, их ч дарамталсан. Анх банкны үндсэн хөрөнгийг 50 саяар тогтоосон. Тэгснээ долоохон хоногийн дараа 100 сая байх ёстой гэв. Хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа 500 сая байх ёстой гэж бажигадуулсаар дампуурсандаа” гэж Д.Сүхбаатар ярьсан байна. Түүнийг ажилгүй болоод, хэл ам хийгээд эхлэмэгц Д.Моломжамц аргацаах маягаар Д.Загдсүрэнгийн жолооч болгосон байна. Д.Сүхбаатар “7 жил хэртэй жолоог нь барьсан. Цуг давхиж яваад осолд орж, хөлөө тайруулж, төмөр хөл хийлгэсээн ах нь. Үе үе гацна шүү. Эмнэлэгт хэвтсний маргаашнаас л Заагаа дарга танихаа больсон доо. Ах дүүсээрээ намайг дарлаж яваа юм. Тэгээд яахав, хүний амьдралын төөрөг ийм л байна. Үхэх болоогүй” гэж ярьсан нь сонины шарлаагүй хуудаснаа бэлээхэн байж байна.

 

                Монголын үе үеийн тамирчид, спортын алдартнуудад ч Д.Загдсүрэн хүнийрхэж, хүйтэн ханддаг ажээ. Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа: Манай Олимпийн хорооныхон болохоор худлаа дүрэм, журам яриад бидэнд тоглолтонд нэвтрэх, тосгонд байрдах эрх өгдөггүй. Би зөвхөн тамирчиддаа ойр байх гэж "Эксэль" спортын ордон руу орох л зөвшөөрөл хүссэн. Түүнээс биш олимпийн тосгон руу орж, үнэгүй хоол унд идэж, үнэгүй байя гэж хэлээгүй. Гэтэл зөвшөөрлийг Д.Загдсүрэн идэвхжүүлэхгүй байгаа байхгүй юу. Би Д.Загдсүрэнгээс мөн ч их гуйсан, Ж.Отгонцагаанаас ч гуйсан. Тэд маш хүйтэн хөндий харьцсан. Хүний газарт хүний зан чанар танигддаг юм билээ.

                Монголын олимпийн хороонд ямар газраас баахан хүмүүс орж ирээд, ямар хүмүүсийн цуглуулга болчихов оо? Ч.Дамдиншарав гуайг "Та чинь юун хүн билээ, олимпийн медальтай юм уу" гэж хачирхдаг хүмүүс олимпийн хороонд ажиллаж байна. Би олимпийн медальтай хүн. Надад тэр эхнэр хүүхдэдээ өгдөг үнэгүй билетүүдээсээ нэгийг өгчихөж болно ш дээ. Заагаа дарга дээр үеэс л авгай, хүүхдээ дагуулаад явдаг байсан. Бусад нь дууриагаад л авгай хүүхэд, хамаатан саднаа дагуулаад явдаг байхгүй юу. Тэр бол ерөөсөө нууц биш.

                Тамирчид амжилт гаргаж ирээд "БТСГ-таа баярлалаа. Холбоо, дасгалжуулагч, спонсор байгууллагадаа баярлалаа" л гэж ярьдаг. Олимпийн хороондоо баярлалаа гэж ярьдаг тамирчин цөөхөн дөө. Олимпийн хороо одоо шинэчлэгдэх хэрэгтэй. Олимпийн хорооны сонгууль нь болох гэж байна. Путин, Медведев хоёр байраа сольдогтой адил тиймэрхүү хор найруулга л болох гээд л байна. Д.Загдсүрэнгийн үед Монголын үндэсний олимпийн хороо хувийн компани шиг болчихсон байхгүй юу. Яг л хувийн компани.

                Манай олимпийн хорооныхон юу хийх ёстой вэ гэдгээ мэдэхээ умартаад, яавал энэ албан тушаал дээрээ удаан байж, баяжих вэ, яавал үр хүүхэд, хамаатан садангаа ажил төрөлтэй болгоод авах уу гэсэн тийм л сэтгэхүйгээр ханддаг болчихжээ. Урьд нь төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан. Одоо олон улсын байгууллага, сангаас тэрбумтангууд төрдөг нь ил болсон. Үүнийг хууль, хяналтынхан шалгахад буруудах зүйл байхгүй. Манай олимпийн хороо Олон улсын олимпийн хороо болон Азийн олимпийн хорооноос ямар хандив, тусламж, авсан гэдгийг судлах хэрэгтэй. Авилгатай тэмцэх хуулинд заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265, 266-д "Олон нийтийн байгууллагын албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглах" гэсэн заалт байгаа” гэсэн нь МҮОХ хэмэх төрийн бус байгууллагад юу нүүрлэснийг маш тодорхой хэлсэн үг тул ахиж илүүг нуршихаа болъё.

                Спортынхон, тамирчид, хөгжөөн дэмжигчид хэлий болтол хэлгүй, дүлий мэт явах вэ? Харсан ч хараагүй мэт, дуулсан ч дуулаагүй мэт суусаар байтал хөгжил бидний хажуугаар өнгөрөх нь. Загдсүрэнгийн завхруулгыг таслан зогсоохгүй бол хойч үе та нараас хариуцлага нэхнэ шүү. Үүнийг л хэлэх гэсэн юм.

 

Спортын галзуу улаан фэн А.Амраа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top