Нэгэн цагт Японы мэргэжлийн “Сумо”-г эзэгнэж явсан их аварга Д.Дагвадорж зодог тайлснаас хойш багагүй цаг хугацаа өнгөрчээ. Хааяахан хэн нэгэнд алганы амт үзүүлэн шуугиан тарихаас өөр зүйлгүй удсан аварга маань энэ жилээс шинэ ажилтай болж, ганзагын наймаанд шогшиж эхэллээ. Их аваргыг улсын циркийг хувьчлан авахад “Цирк маань мандан бадрах нь” хэмээн билэгшээн баярлаж байсан ч өдийг хүртэл гийгүүлсэн юм алга л байна. Харин ч бүр ор сураггүй болчихоогүй нь яамай даа гэх сэтгэгдэл төрөх боллоо. Учир нь циркийн барилга банк, дэлгүүр болж өргөжөөд, гадаа талбайн машин худалдааны лангуу болж юун дэлхийн энтэй цирк...
Алдарт бөх Өөлдийн “Улаан хүзүүт” Дэлэгийн удмыг тасралтгүй үргэлжлүүлж ирсэн Долгорсүрэн зааны хүүхдүүд их спортод нэрээ цуурайтуулж явсан бол одоо бизнест нэрээ гаргах нь. Дагваа аварга Японоос дугуй оруулж ирж байгаа бөгөөд багахан хэсгийг нь энд зараад ихэнхийг нь Казахстан улс руу гаргаж байгаа аж. Ингэхээр зөвхөн Монголдоо ч биш экспорт импортын бизнесмэн болох нь. Мэдээж хэрэг мань мэт шиг Эрээнээс хар гахай чирч, нийтийн вагонд чихэлдэж, зах дээр хөлдөж үхэх шахан зогсож зарахгүй. Хоёр улсын албан ёсны гэрээтэй, утсаар ярьж, дансаар гүйлгээ хийж, онгоцоор нисэж, хүндэтгэлийн хүлээн авалтаар худалдаагаа хийх биз.
Аварга маань Сумогийн дэвжээг эзэгнэж байсан шигээ бизнесийн салбарыг эзэгнэхийг үгүйсгэх аргагүй. Харин муу циркийн минь цэнхэр байшинг дугуйны агуулах л битгий болгочихоорой аварга минь. Урлаг соёлын тоотойхон хэдэн газар байдаг. Тэр нь хүүхэд залуус хийгээд түмэнд олонд урлаг соёлыг хүргэхэд хүрэлцэхгүй байгаа энэ цагт нэмж юм барихгүй ч гэсэн байсан нэгийг нь наймааны золиос болгочихгүй юмсан гэж хүсдэг учир захиж байгаа юм шүү. Ямар ч юмыг наймаалж болох ч урлагийг л наймаалж болдоггүй юм шүү.
Да.Жаргалсайхан
Сэтгэгдэл ( 0 )