Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын 2009 оны улсын наадмын өмнө "Малчин түмэн" сэтгүүлд өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.
- Та анх хэдэн онд улсад түрүүлсэн билээ? Хоёр Мөнх ид барилдаж байсан үе биз дээ?
- 1978 он. Хоёр Мөнх, Д.Хадбаатар тэргүүтэй тухайн үед босоо явсан аварга, арслангуудыг дараалан орхиж түрүүлж байлаа.
- Та ер нь хэр аатай бөх байсан бэ?
- Ааг омог санасных бага байж.
- Монгол бөхөд 32 шинж байдаг гэдэг. Танд хэд нь байв ?
- Тэгж ярьдаг. Надад тэднээс эрх биш тал нь байсан байлгүй гэж боддог. Харин манай С.Цэрэн аваргад 31 байсан гэж бөхчүүд, бөх сонирхогчид, судлаачид ярьдаг юм билзэ.
- Байхгүй нэг нь юу байсан юм бол ?
- Миний бодоход өвдөгнөөсөө дээш бүх шинж нь бүрдсэн байх.
- Залуудаа айж бэргэж явсан бөхчүүд чинь гэвэл?
- Мэдээж хоёр Мөнх тэргүүтэй аварга, арслангууд байлаа. Бас эвгүйхэн барилдаантай заан, начин, аймаг цэргийн цолтой бөхчүүд ч байсан. Санасан зоргоор бүгдийг нь хаяна гэж юу байх билээ. Мөн унана гэж бодох нь ч юу юм.
- Та түрүүнээс хойш хоёр Мөнх гээд яриад байна. Үнэхээр ч босоо аврагууд байсан. Тэр хоёр аваргыг анх яаж давж байсан чинь сонин байна ?
- Хоорондоо үлдэж барилдаад нэг нь давж, нөгөө нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг юм. Ер нь тэр барилдаануудыгаа мартна гэж байхгүй. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ний спартакиадын барилдаанд анх давсан. Тэгээд X. Баянмөнх аваргад унаж II байрт шалгарч байв. Тэгэхэд Ж.Хайдав, П.Дагвасүрэн, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй арслан, заанууд зодоглосон юм. II байрт шалгараад хоёр Мөнхийн дунд зогсож байхад мөн ч сайхан байж билээ.
- Тэр барилдаанаас танд улсын заан цол өгнө гэж амлачихаад чимээгүй өнгөрсөн гэдэг. Спортын төв ордныг хэдэн өдөр доргиосон сайхан барилдааныг би ч гэсэн үзэж байлаа. Үзэгч олон цол өгөхийг шаардаж байсныг ч бас санаж байна. Яагаад өгөөгүй юм бэ?
- Би мэддэггүй. Надад хэлээгүй. Харин миний өмнөөс хүмүүс хөөцөлдөж байж дараа нь чимэг нэмүүлсэн юм.
- Начин цол хүртсэн барилдаанаа сонирхуулахгүй юy ?
- 1972 онд улсын баяр наадамд зургаа давж их шөвөгийн наймд үлдэж начин цол авсан юм. Ердөө гурав давчих юмсан гэж бодож байснаас биш анх зодоглож байгаа хүнд юун улсын цол авах тухай бодол ёстой уулын цаана байсан хэрэг.
- Тэр тусмаа зургаа давж их шөвөгт үлдэнэ гэдэг сайхан байна?
- Тэр үед би Зүүнбаянгаас “ Алдар “ нийгэмлэгт ирчихсэн байсан. Цэргийн хүүхэд улсад гурав давбал 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шагнуулдаг. Гэрээ санасан хүнд тэр нь л чухал байв.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү
Сэтгэгдэл ( 0 )