Монголчууд бид бөх хүний жудагийг хамгийн эрхэм нандин зүйл хэмээн хүндэтгэж, дээдэлж ирсэн. Тиймдээ ч хамгийн хийморьлог хүмүүс бол бөхчүүд гэсэн нэгдмэл ойлголттой байсаар ирсэн юм. Гэтэл сүүлийн үед “Начны найраа” гэх холбоо үг бөхийн түүхэнд орж ирснээр мөнөөхөн монгол бөхийн гайхамшигт мөн чанар болсон “Бөх хүний жудаг” гэгч нандин чанар хийсэн одож, начны найраа, цолны ам авах асуудал зоосны нүхээр шийдэгддэг болсон. Харин сүүлийн үед дээрх жудаггүй үйлдэл нь газар авч, начны найраа шат ахин харцага, заан, гарьд, арслан гээд бүхий л цолонд найраа бий болж тэр хэрээрээ үнэ ханш нь өссөн асуудал яригдаж эхэлсэн нь монгол бөх гэх сайхан спортыг гутлын уландаа гишгэсэнтэй ялгаагүй болсон эмгэнэлт түүхийг бичсэн.
Хоёр жилийн өмнө начны найраа 100 сая төгрөгийн үнэ хүрсэн гэх бор шувуу нисэж байсан боловч өнгөрсөн жил 1 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн ярих болсон билээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж нэг тэрбум төгрөгийн асуудал яригдсан ч байж болох талтай.
Монгол Улсын Даян аварга А.Сүхбат ид барилдаж байх үедээ Монголын Үндэсний бөхийн холбоо шударга бус байгааг, цолны найраа газар авч байгааг эсэргүүцэн зодог тайлж зүлэг ногоон дэвжээнээ сөхрөн адис авч бөхийн хорхойтнуудын зүрхийг шимшрүүлсэн билээ. Тэрбээр Монголын Үндэсний Бөхийн спортыг зөв замд оруулах, шударгаар өрсөлддөг болгохын төлөө зүтгэж буйгаа ахин дахин илэрхийлдэг.
Тиймдээ ч сүүлийн үед Даян аварга энэ талаар дорвитойхон үг унагаж эхэлсэн төдийгүй C-1 телевизээр “Монгол бөхийн хөгжлийн тухай” ярьж эхэлсэн билээ. Харин саяхнаас твиттерт нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж эхэллээ.
Тэрбээр “Монгол бөхийн "Аваргуудын зөвлөл"-ийн ээлжит хурал 2013 оны 1 сарын 13-ны өдөр болж 2013 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлав. Монгол бөхийн аваргуудад хандаж байгаа эрхэм хүндэт бөх сонирхогч танд баярлалаа. Монгол бөх дэлхийн жишигт нийцэхүйц шударга, нэр хүндтэй түвшинд очих ёстой.
Аваргуудын титэм дээр байдаг хангарьд шувууг гарьд цол болгож жижгэрүүлсэн явдал нь Монгол бөхийн ариун сайхан дархлааг гажуудуулсан ноцтой үйлдэл болсон. Монгол бөхийн начин, заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэх энэ зургаан цолыг монголын ард түмэн зохиож, хөгжүүлж, соёлын хэмжээнд аваачиж та бидэнд өвлүүлж өгсөн. Монголчууд дэлхий дээр Монгол үндэснийхээ уламжлалт эрийн гурван наадмаараа дэлхийд ялгарч явах ёстой гэж үздэг. Монгол наадам Монголчууд бидэнтэй шууд хамаатай. Та бидний ах дүүс, үр хүүхэд энэ наадмаараа чимж яваа. Гэтэл Монгол бөхийн өнөөгийн байдал цолны найраа, авлига, хээл хахууль нүүрлэсэн, жалга довны хийрхэлд автсан, олны түмний итгэлийг алдсан байдалтай болоод байна. Дэлхий дээр ийм дүрэмтэй, ийм удирдлагатай, ийм өндөр үнээр цол авдаг бөхийн барилдаан хаана ч байхгүй” хэмээн жиргэжээ. Даян аваргын эл жиргээ бөхчүүдэд, монгол бөхийн өнөөгийн удирдлагад, бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг ард түмэнд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулах биз ээ.
Г.Одон
Сэтгэгдэл ( 2 )
Ta nariin yed 1.2 -iin davaand tura**tai tseregtei barildsan bolj. Yag unendee 512 nertei 128 buh l barildaj baisan shuu dee. Odoonii 512 bol ***l uur. Hen yamar buh ve gedgiig 1.2-iin davaa ni shiiddeg bolson shuu.
Suhbataa chi ch bas nairaa hiij l bsan sh dee. Myagmarsuren Amg**anbaatar. Hedii hemjeenii yum avsaniig chini medeh humuus bgaa shuu. Jujigchin gevel jinhene jujigchin ni chi shu de. Usuhuu avargad am hiij baij 1 delsuuleed y**aa. Odoo duhiin urguund irj s***dhaa boli. 1000$ chononii aris barij guigeed l...