Италийн “Милан”-ы тоглогч болоод хэдхэн хонож буй Марио Балотелли “Интер”-ийн эсрэг тоглохдоо гоол оруулбал баярлан хашгирах болно гэж мэдэгдлээ. Тэрээр Милан хотын нөгөө нэг баг болох “Интер”-т тоглож байсан тул хуучин багийнхаа хаалганд оруулаад баяраа тэмдэглэх эсэх нь олны сонирхлыг татаж буй юм.
“3-4 жилийн дотор их зүйл өөрчлөгдсөн. Би төлөвшиж, насанд хүрлээ. Би “Милан” багийн шилдэг байж, ялалтад уриалагч болохоор ирсэн. Харин “Интер”-т байхдаа би хөлбөмбөг тоглох хорхойгоо дарж явсан хүү байсан. Харин энд манлайлагч болмоор байна.
Миланд эргэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ ойр байх болсон минь сайхан байна. Энд миний олон найз нөхөд бий. Тиймээс Миланд байгаадаа их баяртай яваа.
Английн хөлбөмбөг Италиас илүү хөгжчихсөн. Гэхдээ би Англид хөлбөмбөг тоглохыг тэгтлээ их хүсээгүй. Зөвхөн “Милан”-д очих юмсан л гэж мөрөөдөж суусан.
Энд ирэхэд хүмүүс ингэж их халуун дулаанаар угтана гэж би төсөөлөөгүй. Харин Миланы дербид гоол оруулбал гоолын баяраа тэмдэглэх эсэхийг сонирхож буй хүмүүст хэлэхэд би бүр хашгиран гүйх болно шүү. Ингэлээ гээд “Интер”-ийн хөгжөөн дэмжигчид надад гомдох ёсгүй. Урьд нь тэд надад таагүй хандах ямар нэгэн асуудал байсан бол одоо бүх зүйл өнгөрсөн. “Милан”-д ирсэн нь миний л сонголт юм” хэмээн Балотелли хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )