2013 оны 2 дугаар сарын 28- нд ОХУ-ын Якутын өөртөө засах орны нийслэл Якутск хотноо кикбоксын спортын дэлхий, тивийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт тамирчин Александр Ивановын дурсгалд зориулсан тэмцээн болно. Энэ тэмцээний хүрээнд мэргэжлийн кикбоксын 54 кг-ийн Азийн аварга цолны төлөө халз тулааныг зохион байгуулах гэж байна.Энэхүү тулаан Дэлхийн мэргэжлийн кикбоксын холбоо (WPKA)-ны хяналт, зөвшөөрөл дор явагдах юм.
Монголын кикбоксчид Ө.Саруул-Од 2007 онд Киргизийн тамирчин Алексей Федосеевийг хожиж (WAKO) холбооны 57 кгийн азийн аварга цол, бүсийг, 2010 онд Ө.Төрбаяр Якутын тамирчин Рустамийг хожиж (WPKA) холбооны Азийн аваргын бүсийг нь булаан эх орондоо авчирч байсан бол энэ удаа Монголын залуу тамирчин 16 настай, 32-р сургуулийн сурагч Б.Гантогтох Якутын хашир туршлагатай тамирчинтай мэргэжлийн кикбоксын 54 кг-ийн Азийн аварга цолны төлөө өрсөлдөхөөр болжээ.
Б.Гантогтох 2008 оноос “Мишээл” группын дэргэдэх “Мишээл” кикбокс сургалтын төвд О.Алтанпүрэв багшийн удирдлага дор кикбоксоор хичээллэж 2010 , 2011 оны кикбоксын өсвөр үеийн улсын аваргын алт,мөнгөн медаль, 2012 оны Нийслэлийн спортын 11-р наадмын насанд хүрэгчдийн мутай боксын тэмцээний мөнгөн медаль, 2012 оны Нийслэлийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг өөрийн ур чадвар хүч чадлаараа олж авсан бөгөөд 2013 оны олимпийн боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 өрсөлдөгчийг дараалан ялж өөрийн боломж, чадварыг мэргэжилтнүүдэд харуулж чаджээ. Тэрээр мэргэжлийн дүрмээр нийт 4-н тулаан хийж 4 ялаад байгаа юм. Б.Гантогтох “ТМ” телевизийн сурвалжлах баг болон дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамтаар энэ сарын 25- нд Якут руу нисэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )