Манай улсад дугуйн спорт хөгжихөд дутмаг зүйлүүд их. Наад зах нь дугуйн замгүй орон. Энэ мэт асуудлуудыг улс шийдэж өгөхгүй ч дугуй сонирхогч тамирчид өөрсдөө шийдэх зорилготой байдаг юм байна. Өнөөдөр “Аттила” Монголын дугуйн нэгдсэн клубээс хэвлэлийн бага хурал хийж өөрсдийн хийсэн ажлаа болон хийх гэж буй ажлуудаа тайлагнав. Хуралд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирсэн байсан. Учир нь тэрээр “Аттила” Монголын дугуйн нэгдсэн клубын анхны гишүүн тамирчин аж.
Анх 1999 онд “Acta-MN” нэртэйгээр байгуулагдаж байсан “Аттила” дугуйн клуб нь Монголд дугуйн спортыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж чадсан өөрийн гэсэн түүхтэй, хийсэн зүйлтэй анхны хувийн дугуйн клуб аж.
Тус клуб нь Хятад-Монголын хамтарсан баг бүрдүүлж хятад улсад очиж хамтарсан бэлтгэл хийдэг юм байна. Монголын анхны дугуйн клуб өөрсдийн санаачлагаараа хамтарсан баг бүрдүүлж ОУ-ын тавцанд монгол тамирчдынхаа нэр хүндийг гаргах зорилготойгоор бүхий л үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус клуб өнгөрсөн хугацаанд өөрийн клубтээ дугуйн спортод сонирхолтой 800-аад залуусыг нэгтгэн, бэлтгэл сургуулилтийг нь хийлгэн 5 ОУХМ, 20-иод Спортын Мастер төрүүлжээ.
“Аттила” клуб өнгөрөгч онд Хонконгийн “TUBRO” дугуйн брэндтэй хамтран БНХАУ-д өөрсдийн гэсэн “Хятад-Монгол”-ын хамтарсан багийг байгуулжээ. Хамтарсан багийн тамирчид 2012 оны 3, 4 дүгээр сард БНХАУ-д бэлтгэлээ хийсэн аж. Мөн онд Вьетнамын олон өдрүүд тэмцээнд “Аттила” Монголын дугуйн нэгдсэн клубын тамирчид анх удаа бие даан багаараа оролцсон нь онцлох үйл явдал болсон байна.
Түүнчлэн энэ он гарсаар Улаанбаатар хотод “Tour the UB” уулын дугуйн аяллыг дугуй сонирхогчдод зориулан 1 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байгаа аж.Тус багийн тамирчид энэ оны 4 дүгээр сарын 13-16-нд Филиппин улсад зохиогдох “Филиппины олон өдрүүд” тэмцээнд оролцоно гэдгийг “Аттила” Монголын дугуйн нэгдсэн клубын тэргүүн З.Наран хэлж байлаа.
Мөн тэрээр манай улсад дугуйн зам байхгүй болхоор хүмүүс энэ спортоор хичээллэхэд бага зэрэг хүндрэл учирдаг хэмээн ярьж байсан юм. Гэхдээ тэд болж бүтэхгүй байна гээд суулгүй санал санаачлагуудыг гаргаж, тодорхой ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Баянгол, Хан-Уул дүүргүүдэд дугуйн талбай бий болгохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Сэтгэгдэл ( 0 )