“Аттила” дугуйн клубийнхэн хятад улсад бэлтгэлээ хийдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

1999 онд “Acta-MN” нэртэйгээр байгуулагдаж байсан “Аттила” дугуйн клубийнхэн 2013 оны нээлтээ хийлээ. Энэ үеэрээ өнгөрсөн хугацаанд хийсэн болон ирээдүйд хийх ажлынхаа төлөвлөгөөний талаар  танилцуулсан юм.

Нээлтийн ажиллагаанд  Аттила Монголын нэгдсэн клубын тэргүүн З.Наран, УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Амарбаясгалан, МҮОХ-ны ЕНБ-ийн дарга Ж.Отгонцагаан, ХУД-ийн БТС-ийн Хорооны дарга Ц.Ганболд, Нийслэлийн засаг даргын орлогч  Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцов.

З.Наран хэлсэн үгэндээ "Манай улсад дугуйн спорт хөгжихөд дутмаг зүйлүүд маш их байдаг. Адаглаад манайх дугуйн замгүй орон шүү дээ. Энэ мэт асуудлуудыг улс шийдэж өгөхгүй ч дугуй сонирхогч тамирчид өөрсдөө шийдэх зорилготой байдаг юм. Өнөөдөр “Аттила” Монголын дугуйн нэгдсэн клуб хэвлэлийн бага хурал хийж өөрсдийн хийсэн ажлаа болон хийх гэж буй ажлуудаа тайлагнаж байна. Манай клуб нь Хятад-Монголын хамтарсан баг бүрдүүлж хятад улсад очиж хамтарсан бэлтгэл хийдэг. Монголын анхны дугуйн клуб өөрсдийн санаачлагаараа хамтарсан баг бүрдүүлж ОУ-ын тавцанд монгол тамирчдынхаа нэр хүндийг гаргах зорилготойгоор бүхий л үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Баянгол, Хан-Уул дүүргүүдэд дугуйн талбай бий болгохоор бэлтгэл ажилдаа орсон. Манай улсад дугуйн спорт хөгжихөд бүрэн боломжтой хэдий ч бидэнд дугуйн зам байхгүй болохоор хүмүүс энэ спортоор хичээллэхэд бага зэрэг хүндрэл учирдаг" хэмээн хэллээ. Түүнчлэн дугуйн замыг тавих талаар судалж ажил хэрэг болгохоор хичээж байгагаа ч хэлж байсан юм.

 Уг үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн засаг даргын орлогч  Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ энэ үеэр үг хэлж, тус клубын үйл ажиллагааг дэмжиж буйгаа хэллээ. Мөн энэ үеэр Клубын тамирчид болон 2013 онд тэмцээн явах тамирчдыг танилцуулж, клубын гишүүдэд клубын хувцас гардуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top