Зүрхээр тахигдсан түүхт Олимпоос бөхийн төрлийг адлах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

2013 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр МЧБХ-ны Удирдах зөвлөл болон ахмад бөхчүүдийн хамтарсан хурал болж бөхийн спортыг 2020 оны Зуны олимпийн наадмын  хөтөлбөрөөс хасах тухай ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны зөвлөмж гарсны дараа бий болсон байдлыг хэлэлцэж асуудлыг дүгнэж цэгнэсэн байна.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэгчээр МЧБХ-ныхон дуу нэгтэйгээр нэгэн уриалгыг гаргажээ. Энэ нь Грек улсын Афин хотод 1896 онд болсон орчин үеийн анхны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 9 төрөл тухайлбал бөх, буудлага, дугуй, спортын гимнастик, усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүнд атлетик, талбайн теннис, туялзуур жад түүн дээр орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертэний 1912 онд бий болгосон таван төрөлтийн спортыг нэмээд нийтдээ 10 спортын төрлийг Зуны олимпийн наадмын үндсэн төрөл болгож Зуны олимпийн наадам бүрийн хөтөлбөрт оруулж байх асуудал юм.

Энэхүү уриалгыг Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо-ФИЛА, үндэсний холбоодод хүргэхээр болсон бөгөөд ФИЛА-гийн удирдлагад хандан нэр бүхий 10 спортын төрлийг Зуны олимпийн наадмын үндсэн төрөл болгож Зуны олимпийн наадмад бүрийн хөтөлбөрт оруулж байх талаар МЧБХ-ны гаргаж байгаа санаачилгыг судлан үзэж ОУОХ-нд уламжлах хүсэлтийг ч мөн давхар хавсаргасан аж.

Хүн төрөлхтөнийг спортын дэвжээн дээр нэгтгэж, нэгэн зүгт харуулж, эв нэгдлийн гайхамшгийг харуулж чаддаг Олимп нь хэдэн зууны өмнөөс эхлэлтэй төдийгүй Францын спортын болон нийгмийн зүтгэлтэн, түүхч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, Олон улсын олимпийн хороог үндэслэгч, ерөнхийлөгч Пьер де Кубертэны зүрхэнд дээр босгосон хөшөө сахин хамгаалж байдаг гэж ч болно.

Товч түүх өгүүлье. Грек улсын Афин хотод 1896 оны дөрөвдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд болсон орчин үеийн анхны Зуны олимпийн наадамд 14 орны 241 тамирчид спортын 9 төрлөөр 43 цогц медалийн төлөө өрсөлдөж байжээ.

Орчин үеийн олимпийн тоглолтыг санаачлагч нь дээр өгүүлсэнчлэн Францын спортын болон нийгмийн зүтгэлтэн, түүхч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, Олон улсын олимпийн хороог үндэслэгч, ерөнхийлөгч Пьер де Кубертэн. /1863-1937/. Тэрээр 1863 онд Парис хотод язгууртны гэр бүлд төрсөн бөгөөд хожмоо ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 1896-1916, 1919-1925 онуудад ажиллаж байжээ.

Англи, АНУ-д хэд хэдэн коллеж, их сургуульд суралцаж спортыг залуучуудын аж төрөх ёсны чухал бүрэлдэхүүн хэсэг, хувь хүний төгс хөгжлийн нэгэн нөхцөл гэж үздэг байжээ. Регби спортоор хичээллэдэг, регбийн спортын Францын аварга шалгаруулах анхны тэмцээний шувтарын тоглолтод шалгарсан “Расинг Метро”, “Стад Франсе” багуудын тоглолтонд шүүгчээр ажиллаж байсан тэрээр Спортыг өргөн дэлгэрүүлэх зорилгоор олон улсын тэмцээн явуулах санааг сэтгэлдээ тээж Грек улсад хийгдсэн хуучны судлалын малталтын үр дүнд олон нийт Эртний олимпийн наадмыг сонирхож байгааг соргогоор ажиглан 1892 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сорбонны буюу Парижийн их сургуульд “Олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх нь” сэдэвт илтгэл тавьж Олимпийн наадмыг сэргээн явуулах төслөө танилцуулсан байдаг.

Түүний хүчин чармайлт талаар өнгөрөөгүй бөгөөд 1894 оны долоодугаар сарын 23-ны өдөр Сорбонны их сургууль дээр болсон их хурлаар ОУОХ-г байгуулж “Олимпийн тоглолтыг сэргээн явуулах нь спортын төдийгүй олон улсын талаасаа давуу талтай байгаад эргэлзэх зүйлгүй, Олимпийн тоглолтыг орчин үеийн амьдралын шаардлагад зохицуулан сэргээх нь зүйтэй” гэсэн түүхэн шийдвэрийг гаргаж байжээ. Уг их хурлаас Олимпийн тоглолтыг дөрвөн жил тутам явуулж байх, орчин үеийн анхдугаар Зуны олимпийн наадмыг уламжлалыг хүндэтгэн Афин хотод явуулах шийдвэр гаргаж Пьер де Кубертенийг ОУОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар, түүний анд Деметриус Викеласийг ерөнхийлөгчөөр сонгон ажиллуулжээ.

1912 онд Швед улсын Стокгольм хотод болсон V Зуны олимпийн наадамд зориулан Пьер де Кубертен таван төрөлтийн спортыг бий болгож хөтөлбөрт нь оруулсан байна. 1912-1948 онуудын хооронд болсон Зуны олимпийн наадмын хөтөлбөрт Урлагийн тэмцээнийг оруулдаг байжээ. 1912 онд Стокгольм хотод болсон Зуны олимпийн наадмын Урлагийн тэмцээнд Пьер де Кубертен нууц нэрээр оролцож уран зохиолын төрөлд “Спортын магтуу” бүтээлээрээ алтан медаль хүртсэн төдийгүй насан туршдаа ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгчөөр ажиллаж 1937 онд Женев хотод нас барахад нь ОУОХ байрладаг Лозанн хотод оршуулж түүний зүрхийг Эртний олимпийн балгасын ойролцоо нутаглуулж хөшөө босгосон байдаг юм. Өөрөөр хэлбэл Олимпийн наадмыг үндэслэгч Пьер де Кубертены зүрх олимпийг манаж байгаа. Тиймээс зүрхээр тахигдсан түүхт Олимпоос бөхийн төрлийг адлах хэрэггүй.

Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top