Монгол Улс цөмийн зэвсэг хураахыг дэмжиж байгааг илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Гадаад харилцааны сайд Л.Болд Зэвсэг Хураах Бага Хурлын чуулганд оролцож, үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ зэвсэг хураах асуудлыг олон талаар хэлэлцэх цорын ганц индэр болсон ЗХБХ-ын ач холбогдлыг үнэлж, түүний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн асуудлуудын талаар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас баримтлах бодлогыг тайлбарлав. Монгол Улс зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрнээ дэмжиж буйг дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, сэргээн идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрээр энэ чиглэлээр НҮБ-ын ЕНБД, ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс  гаргаж буй хүчин чармайлтыг өндөр үнэлж, хурлын ажиллагааг мухардлаас гаргах аливаа оновчтой санал санаачилгыг Монголын төлөөлөгчид дэмжиж ажиллана гэдгийг нотлов.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний дэглэм нь цөмийн зэвсгийг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх олон талт чухал механизм мөн гэдгийг сайд Л.Болд онцлоод түүнийг бататган бэхжүүлэх, уг гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцсэн 2010 оны бага хурлаас батлан гаргасан Үйл ажиллагааны төлөвлөгөөг чанд хэрэгжүүлэх, үүнд цөмийн зэвсэг бүхий гүрнүүд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн манай улсын байр суурийг нотлон илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаас зэвсэг хураах асуудлаар батлан гаргасан холбогдох тогтоолуудын ач холбогдлыг үнэлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд манай улс хувь нэмрээ оруулах болно гэдгийг батлав.    

Цөмийн зэвсгээс ангид бүсүүд нь дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэг журмыг бататгах, улмаар цөмийн зэвсэг хураах зорилтыг ахиулахад тус дөхөм үзүүлж байгааг тэмдэглээд энэ үйл явцад Монгол Улс хувь нэмэр оруулж буйг цохон дурдав. Сайд Л.Болд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлан тунхагласны хорин жилийн ойг бид өнгөрсөн онд тэмдэглэснийг дурдаад олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрсөн цөмийн зэвсгээс ангид байх тухай манай статусыг баталгаажуулах чиглэлээр бид тууштай ажиллаж байгааг тайлбарлав. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн оны чуулганаас баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай тогтоол, мөн Монгол Улс цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн болох БНХАУ, Франц, ОХУ, Британи, АНУ-тай 2012 оны 9 дүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан Хамтарсан тунхаглалын ач холбогдлыг онцоллоо.

Ийнхүү үг хэлсний дараа ЗХБХ-д суугаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрний төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзан мэндчилж, баяр хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top