Зургийг бичдэггүй, зурдаг. Харин би яг үүний эсрэг зургийг бичмээр санагдлаа. Миний бичиж буй зургуудад солонгын долоон өнгө орсон хэдий ч тийм хурц тод, гял цал биш. Эгэл даруухан, энгийн, бараг хуучирсан гэмээр ч юм шиг бүдэгхэн хэр нь “Тод” зургууд.
“Хөгжим” хэмээх зураг. Хөнгөн гуниг төрүүлж хаврыг санагдуулам бүгэг хөх дэвсгэрийн энд тэнд хаа нэгтээ сөдлөг шаргал навчис, цэнхэр цэцэг байх. Хөвд шаргал хөрстийг голлуулан гурван Монгол хатан хуучир хөгжим эгшиглүүлэн байх нь магадгүй улирлын сайхныг, монголын хязгааргүй тал нутгийг магтан дуулсан аялгуу ч урсгаж байгаа мэт санагдана. Хатдын малгай, өмссөн зүүсэн бүхнийг ажвал яалт ч үгүй Монгол гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Залуу нас, гоо үзэсгэлэнт гурван хатны өмссөн малгай, дээлийн өнгө час улаан намуу цэцгийн өнгөтэй. Үүн дээр малгайн орой дээр хатгасан цэцэг, монгол хэв маягийн ээмэг тэргүүтэн чимж өгчээ. Мансууруулагч намуу цэцгийн өнгө нь Монгол хатдын гоо үзэсгэлэнг харсан хэн ч “мансуурмаар сайхан” гэх далд утгыг илэрхийлээ бизээ гэж бодогдмоор.
Хаа холын Халимаг, Казакстан цустай гэр бүлийн “төрүүлсэн” Монгол хатдын бүтээлүүдийн гол онцлог “таних тэмдэг” нь Монгол эхнэрийн толгойн боолт. Үүнийг нь хараад өөрийн эрхгүй “Монголын хатдын зураг ” хэмээн уулга алдмаар сэтгэлд нэг л дотно. Элэг урсана гэж тэр биз ээ. Халимагууд туурга нэгт ахан дүүс, амраг саднаа санахаараа “Элэг урслаа” хэмээн хэлдэг гэдэг. Тиймдээ ч туурга тусгаар Монгол улсын түүхийг товчоолон Монгол хатад, Монгол баатрын зургийг бийр зотон нийлүүлэн зурдаг байх гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм.
Миний бичиж буй зургийг амилуулсан зураач бол Халимагийн зураач Сергей Котиновын гэргий Галина Котинова. Галина Котинова 1963 оны зургадугаар сарын долоонд Казакстаны Караганда хотод төрсөн бөгөөд 1984 онд Брянсийн урлагийн сургуулийг төгссөн. График дизайнер мэргэжилтэй бүсгүй. 1993 оноос Оросын зураачдын холбооны гишүүнээр элсч 1988 оноос эхлэн ОХУ болон гадаадын улс орнуудад 30 гаруй үзэсгэлэнгээ гаргасан уран бүтээлч юм. 2001 онд “Японы мөнхийн хэв маяг”, Элстэй хотын Японы соёлын төвд өөрийн уран зургийн үзэсгэлэнгээ тус тус гаргасан төдийгүй 2004 онд Халимагийн домгийг үндэслэсэн долоон од гэдэг номын зургийг зуржээ. Харин 2004-2006 онд “Миний найз Тэмүүжин”, “Хөх шувуу”, “Хоёр эзний нэг зарц” зэрэг жүжгүүдийн хувцасны загварыг зохиосон байна.
Түүний дараа 2009-2010 онд Санкт Петербург хотод, 2011-2012 онд Францын Канн хотод цуврал үзэсгэлэнгээ гаргаж 2002-2005 онд Францын Анжи хотод дуудлага худалдааны байнгын оролцогчоор орж байгаа. Мөн түүний зургууд нь орос европын компаниуд болон Францын урлагийн товчоонд байдаг бол 30 гаруй зургийг нь алдарт Арц сервис гэдэг галерейд байрлуулжээ. Тэрбээр Монголын түүхээс улбаалан эртний хатад, баатрын тухай зураг зурдаг.
Галина Котиновагийн уран бүтээлийн хамгийн сайн зөвлөх, анхны бүтээлийн үзэгч нь амьдралынх нь хань Сергей Котинова. Халимагийн Элстэй хотод мэндэлсэн зураач маань өдгөө ОХУ-ын Санкт Петербург хотноо амьдардаг. Түүний намтрыг товчхон танилцуулбал 1982-1984 онд Ленинград хотноо Зөвлөлтийн армид алба хаасныхаа дараа буюу 1988 онд урлагийн сургууль төгссөн. 1988-1992 онд халимагийн хэвлэлийн газарт уран сайхны редактороор ажиллаж байгаад 1991 оноос ОХУ-ын зураачдын холбооны гишүүнээр элсэн 1988 оноос эхлээд ОХУ болон бусад улсуудад 30 гаруй үзэсгэлэнгээ гаргасан байна. 2001 онд Канны “Нефть” гэх төслийн ажилд оролцсон бөгөөд түүний цуврал зургууд болох “Арал”, “Орчин”, “Хүмүүс” гэх нэртэй цувралаас 30 зураг нь “Калмнефть” корпорацийн зургийн цуглуулгад байдаг аж. 2005-2006 онд Халимагийн драмын театрын хүндэт тэмдгийг зурсан тэрбээр театрын тайзнаа тавигдаж буй жүжгүүдийн тайз заслыг хийжээ. Түүнчлэн Францын Анжед зохион байгуулагддаг дуудлага уралдаанд байнга оролцдог уран бүтээлч юм.
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 0 )