Канадын Онтарио мужид зохиогдсон 2013 оны насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ-нд дэлхийн 50 орны 200 гаруй уран гулгагч “Сочи-2014”-ийн өмнөх томоохон “бие халаалтаа “ ийнхүү базааж авлаа.
Өчигдөр эмэгтэйчүүдийн болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж, аваргууд тодорсон байна.
2010 оны Ванкуверийнн өвлийн олимпиос алтан медаль хүртсэнээс хойш хоёр жилийн хугацаанд мөсөн талбайд гараагүй байсан Ким Юү На хүчтэй байгаагаа нотлон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 218,31 оноо авснаар дэлхийн хошой аварга боллоо.
Удаах байранд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Италийн Каролина Костнер 197,89 оноогоор мөнгөн медаль хүртжээ.
Хүрэл медалийн эзнээр 2010 оны дэлхийн аварга, Ванкуверын олимпийн мөнгөн медальт Японы гулгагч Мао Асада тодорсон юм.
Ийнхүү тэрээр сүүлийн 2 жил “медалийн үзүүрээс атгаад алдсан” хар цувралаа цэглэжээ.
Мөн хослол бүжгийн төрөлд АНУ-ын Мэрил Дэвис, Чарли Уайт нар тэргүүлсэн байна. Олимп, дэлхийн аварга Канадын хослол Тесса Вирту, Скотта Мойра нар мөнгөн медалиар энгэрээ мялааж нутгийн дэмжигчдээ баярлалуулжээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байсан Оросын хосууд Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар медалиа ихэрлүүлж “дабл” хүрэл медалиа зүүлээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )