Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгт улсад зохиогдсон дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер, Цагдаагийн ахлагч, “Хүч” спорт хорооны дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал анх удаа алтан медалиар энгэрээ мялааж, эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан билээ. МЗХ түүний амжилтыг үнэлэн “Тэргүүний залуу” алтан медалиар багшийнх нь хамт шагнаж, манай улсад хөгжүүлэх дугуйн спортын их ажилд гар бие оролцож, залуучуудаа уриалан тэдэнд энэ спортын ач холбогдлыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Энэ удаагийнхаа “Дугаарын зочин” буландаа Т. Энхжаргал болон түүний багш “Хүч” спорт хорооны дугуйн спортын дасгалжуулагч, Цагдаагийн ахмад, ОУХМ Ж. Даваатогтохтой дугуйн спортын талаар ярилцснаа хүргэе.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан Т.Энхжаргал Монголын анхны дугуйн спортын Азийн аварга болсон. Энэ талаар яриагаа эхэлье, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Ж. Даваатогтох: Сэтгэл үнэхээр өндөр байна. Би өөрөө дугуйн спортоор 14 жил хичээллэсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад ажилладаг. Гарын шавь маань Азийн аваргаас Монголын анхны дугуйн спортын алтан медаль авсанд туйлын их баяртай байгаа.
Т. Энхжаргал: Маш их баярласан. Монголд дугуйн спорт үүсч хөгжөөд 56 жил болж байна. Анх “Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд ах маань мөнгөн медаль, 1989, 2001онд МУГТ Ж. Өлзий-Орших Дэлхийн аваргын мөнгөн медаль, Х. Ууганбаяр ах мөнгөн медаль авч байсан. 2013 оны 3 сарын 13-нд 28.4 км-ийн цуваа гараатай тэмцээнд түрүүлж Монголын дугуйн спортын анхны алтан медалийг авчирсандаа туйлын их баяртай байна.
-Монголын дугуйн спортын түүхэн дэх анхны алтан медаль байх нь ээ?
Т. Энхжаргал: Тийм ээ. Гэхдээ манай дугуйн спортын тамирчид тив, дэлхийгээс медаль авч байсан. Дээр хэлсэн МУГТ Ж. Өлзий-Орших ах Дэлхийн аваргын хоёр ч мөнгөн медалтай. Харин алтан медалийг өнөөг хүртэл авч байгаагүй юм байна лээ.
-Таныг дугуйн спортоор хичээллэхээсээ өмнө усан спорт, триатлоны спортоор хичээллэж байсан гэж сонссон...
Т. Энхжаргал: Тийм ээ. Би долоон настай байхдаа төв бассейнд явдаг байсан. 2007 он хүртэл тогтмол спортоор хичээллэсэн. 2008 онд Н. Наранбат багшид шавь ороод триатлоны спортоор 2 жил гаруй хичээллэж байгаад жил гаран завсарласан. Тэгээд Ж. Даваатогтох багштайгаа уулзаад зорилго нэгтэйгээр жилийн хугацаанд арвин их ургац хураалаа. 2012 оны өдийд багштайгаа танилцаж байсан. Багш хажууд суугаад миний нүдрүү харж байгаад “чи надад итгэж байна уу? Би чамайг улсын аварга болгоод Ази, Дэлхий, Олимпийн аварга болгож чадна” гэж хэлж байсан. Тухайн үед би дугуйн спорт гэж чухам юу болохыг мэддэггүй байсан болохоор үлгэр шиг л санагдсан. Гэсэн ч бид зорилгоо нэгтгээд бэлтгэл хийгээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 2012 оны 5 сард “Бүх ард түмний спартикат”-аас алт, 6-р сард Улсын аваргаас алт, 7-р сард Цэрэг цолны тэмцээнээс алт авч, спортын мастер болоод найман сарын дараа, өвөлжингөө бэлтгэл хийж байгаад өнгөрсөн гурван сард Азийн аварга боллоо.
-Та анхнаасаа Т.Энхжаргалыг аварга болох боломжтой тамирчин гэдгийг мэдэж байсан болохоор итгэл хүлээлгэсэн юм байна тийм үү?
Ж. Даваатогтох: Ганцхан Т.Энхжаргал гэлтгүй өөрийнхөө шавь нарт итгэлтэй байж л тэд амжилт гаргана. Азийн аваргаас медаль авна гэдгийг нь би мэдэж байсан. Учир нь Азийн аварга болгох түвшинд бэлтгэл хийлгэсэн. Азийн аваргын 2012 онд түрүүлсэн эмэгтэйн мэдээллийг интернетээс татаж аваад, цагийнх нь амжилтыг явсан километрт нь хувааж дундаж хурдыг нь гаргасан юм. Тэгээд энэ амжилтыг эвдэж байж л Азийн аваргын медаль авна гэсэн тооцоог гарчихсан байсан. Тэр тооцооныхоо дагуу ажиллаж, бэлдсэн учраас анхныхаа олон улсын тэмцээнд ороод Т.Энхжаргал Азийн аваргын алтан медалийн эзэн болж чадлаа.
-Дугуйн спорт бусад төрлийн спортоос юугаараа илүү давуу болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
Т. Энхжаргал: Триатлонд усан сэлэлт, гүйлт, дугуйн спорт хавсарч ордог. Усан спортоор хичээллэхэд хэвтээ байрлалаар өөрийхнөө бие эрхтэнд ачаалал өгдөг. Харин дугуйн спортоор хагас босоо байрлалаар хичээллэдэг. Хэвтээ байрлалаас хагас босоо, босоо байрлалд шилжиж шилжилт нь их хэцүү байсан. Үүгээрээ триатлоны спорт тамирчин хүнээс дасан зохицох чадвар их шаарддагаараа бусад спортоос онцлогтой санагддаг. Дугуйн спортын тухай ярихад би одоо нэг жил л хичээллэж байна. Өдийг хүртэл их юм сурлаа. Цаашид ч суралцах зүйл зөндөө. Эмэгтэй хүний хувьд дугуйн спорт маш хэцүү. Ядаж л эмэгтэй хүн байгалиасаа гэх юм уу даа техниктэй харьцах чадвар тааруу байдаг. Мөн холын бэлтгэл их хийдэг. Өдөрт бид дунджаар 100-150 км-т бэлтгэл хийж байна. Ийм бэлтгэлийн үед хамтрагч байх хэрэгтэй. Ганцаараа холын бэлтгэлд гарна гэдэг үнэхээр хүндрэлтэй.
-Сүүлийн үед дугуйн спортыг хүүхэд, залуучууд их сонирхох болжээ. Тэд таны шавь болоод хичээллэх боломжтой юу?
Ж. Даваатогтох: Дугуйнд дургүй хүүхэд гэж байхгүй. Дугуйн спорт бол Монголд зайлшгүй дэлгэрвэл зохих ёстой спорт гэж боддог. “Хүч” спорт хорооны дэргэд дугуйн клуб ажиллаж байгаа тэнд ирж хичээллэх боломжтой.
-Өнөөдөр Монголд дугуйн спортыг хөгжүүлэхэд бэрхшээлтэй зүйлүүд юу байна. Та бүхэн хэрхэн даван туулж байна вэ?
Ж. Даваатогтох: Дугуйн спортын нэн түрүүнд шаардагдах зүйл нь дугуй байдаг. Өөрөөр хэлвэл хүн тулаанд ороход сайн зэвсэгтэй байж л дайснаа дардагтай адил. Техникийн спорт учраас нэг жил өнгөрөхөд л шинэчлэгдэж байдаг. Хөнгөн, хатуу, бат бэх нь шинэчлэгдэхгүй ч гэсэн загвар, дизайн, өнгө будаг нь шинэчлэгдэж байдаг учраас цаг тухайд нь аваад хэрэглэх боломж манайд байдаггүй. Гэхдээ тэр зүйл нь бидэнд саад болох зүйл биш. Өөрийнхөө хэрэгцээг хангасан, чанарын шаардлагад нийцсэн хөдөлмөрийн багаж, дугуйтай байхад л амжилт гаргана.
Т. Энхжаргал: Миний бодлоор зарим хүмүүс их бүдүүлэг санагддаг. Зам дээр бэлтгэл хийж байхад зарим хүмүүс их муухай ааш зан гаргадаг. Тэр хүмүүст хандаж бэлтгэлээ хийх зориулалтын зам байхгүй ч Монголд дугуйн спортыг чадлаараа хөгжүүлэх гэж хичээллэж байгаа тамирчдыг ойлгож байгаасай гэж хэлмээр байна.
-Таны бодлоор Монголын дугуйн спорт ямар түвшинд байна вэ?
Ж. Даваатогтох: Дугуйн спорт Монголд үүсч, хөгжөөд 56 дахь жилийнхээ түүхийг бичиж байна гэж дээр хэлсэн. Монгол хүмүүс чадварлаг, заасан зүйлийг цааш нь хөгжүүлэх өндөр чадвартай байдаг. Мөн дөрвөн улирлын уур амьсгалын байдал тамирчин хүний биед зөв хүмүүжлийг олгодог. Халуун, хүйтэн, салхитай, жавартай гээд ямар ч нөхцөлд тэсвэр шаарддаг учраас тамирчдад маш дөхөм байдаг. Дугуйн спорт өнөөдөр манайд хөгжиж байгаа. Цаашдаа ч гэсэн хөгжүүлэх ёстой спорт гэдгийг л дахин хэлмээр байна.
-Дугуйчид бэлтгэлээ хаана хийдэг вэ?
Ж. Даваатогтох: Дулааны улиралд /хавар, зун, намар/ Өвөрхангай, Дарханы замын аль нэгнийг сонгон бэлтгэлээ хийдэг. Өвлийн улиралд “Хүч спорт хороо”-ны заалны дугуйн клубт хийдэг.
-Саяхан Нийслэлийн “Автомашингүй өдрийг тохиолдуулан “УЛААНБААТАР-2013” дугуйн парад болж өнгөрсөн. Уг үйл ажиллагаанд иргэд их таатай хандаж дугуй сонирхогчид болон хүүхэд хөгшидгүй дугуй унаж байсан. Харин манайд зориулалтын дугуйн зам байддаггүй нь их дутагдалтай санагдах юм. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Ж. Даваатогтох: Дугуйн бэлтгэл сургуулилт хийхэд дугуйн зам манайд зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Түүнчлэн хүүхэд залуус ч чөлөөт цагаа зөв боловсон, спортлог, эрүүл, аюулгүй өнгөрүүлэхэд энэ асуудал их чухал шаардлагатай байна. Энэ талаар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад санал тавимаар байдаг л даа. Ер нь өсвөр үеийн хүүхдүүд ямар нэгэн спортын дугуйланд хамрагдаж байвал тэр хүүхдийн ирээдүйн зам нь зөв явдаг. Цаашдаа спортын хүн болдог ч бай, үгүй ч бай хамаагүй. Хамгийн гол нь зөв хүн болон төлөвшихөд нь сургаж байдаг. Тиймээс спортын олон төрлийн дугуйланг хичээллүүлэх хэрэгтэй. Бас хичээллэх боломжоор нь хангаж өгөх шаардлагатай байгаа юм. Өнөөдөр Монголын замын даац хэд дахин хэтэрчихсэн. Тэгэхээр аливаа юмыг болохгүй гээд хойш суулгүй болно, болгоно гээд л хийх хэрэгтэй.
Т. Энхжаргал: Муу зам дугуйг эвдэлчихдэг. Бид аль болох эвдрэл, нүх багатай замд, ихэвчлэн Өвөрхангайн зам, Дамбын зуслангийн шинэ зам дээр гарч бэлтгэлээ хийдэг. Манайд замын асуудал үнэхээр хэцүү байна шүү дээ. Тиймээс дугуйн зам үнэхээр хэрэгтэй байна. Шинэ дугуйн замтай болчихвол би ганцаараа биш Монголын бүх дугуйтай хүн маш их баярлах байх.
-Бэлтгэл хийхдээ яаж хичээлэх ёстой вэ?
Ж. Даваатогтох: Өвлийн улиралд зааланд бэлтгэлээ хийдэг болохоор ерөнхий биеийн бэлтгэлийг маш их хийх ёстой. Ерөнхий биеийн бэлтгэлийг хийхийн тулд штанк өргөх, гүйх, харайх гэх мэт биеийн хөгжлийн дасгалуудыг хийдэг. Дулааны улиралд зөвхөн дугуйн дээр л хичээллэнэ. Дугуйн дээрээ суурь багтаамж авах, биеийн хүчний бэлтгэлийг хийдэг. Ерөнхийдөө бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу хийнэ. Гэхдээ тамирчныхаа эрүүл мэнд, биеийн байдал, хоолны дуршил, сэтгэл санааны байдал, дасгал сургуулилт хийхдээ хэр зэрэг идэвхтэй байгаагаас шалтгаалаад бэлтгэлийнхээ төлөвлөгөөг өөрчилж болно.
-Тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн урамшуулал олгодог болсон шүү дээ. Урамшууллаа авсан уу?
Т. Энхжаргал: Улсаас 10-н сая төгрөг өгөх юм байна лээ. Одоохондоо аваагүй л байна. Санхүүжилт нь улирлын эцсээр орж ирдэг гэсэн. Удахгүй өгнө л гэсэн /инээв/.
-Ойрын үед зохиогдох тэмцээн юу байна?
Ж. Даваатогтох: Дотоодын тэмцээний хувьд гэвэл жилийнхээ тэмцээний төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Автомашингүй өдрөөр тэмцээн зохиох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалаад зохион байгуулаагүй. Удахгүй дөрвөн сарын сүүлээр нээлтийн тэмцээн болно. Өнөөдөр /4сарын 10/ Тайландын олон улсын тэмцээн эхэлж байгаа. Энэ тэмцээнд санхүүгийн асуудлаас болоод явж амжаагүй. Азийн аваргаас медаль авсан тамирчнаа олон улсын тэмцээнд оруулж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна. Нэг хурдны морийг хичнээн сая төгрөгөөр үнэ хаялцан авдаг мөртлөө амжилт гаргаж байгаа тамирчнаа дэмжих байгууллагууд маш ховор байдаг. Мэдээж дэмждэг байгууллагууд бас байдаг л даа. Гэхдээ цагаа тулахаар олдохгүй үе байна. Дараагийн тэмцээн Хятадад 5 сарын 8-18 ны хооронд, 8 сарын 4-нд Ирландад болох Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 9сарын 22-нд мэргэжлийн дугуйчдын дэлхийн аваргын тэмцээн байна даа. Ганцхан Т.Энхжаргалыг биш цаана нь гурван тамирчин байгаа. Багаар нь авч явахыг зорьж байна. Бас л санхүүгийн асуудал хэцүү байна.
-Олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох, дэлхийн жишигт нийцсэн спортын хэрэгсэл ашиглах гэхээр тамирчдад санхүүгийн бэрхшээл л тулгарах юм аа?
Т. Энхжаргал: Тийм ээ. Сая Азийн аваргад бэлтгэл хийхэд дугуй, хамгаалалтын малгай, шипи, дугуйны диск маш их хэрэгтэй байсан. Багш маань хөөрхий машинаа зараад, “Монголын дугуйн спортын холбоо”-ны ерөнхийлөгч бас туслаж дэмжээд хамгийн сүүлийн үеийн, хэрэгтэй хэрэгслүүдээ авсан. Одоо ДАШТ-нд бэлдэж байна. Энэхүү тэмцээнд ороход цуваа гараанд дугуй гологдохгүй болсон. Харин бөөн гараанд дугуй маань гологдохоор байгаа учраас шинэ дугуй хэрэгтэй байгаа.
-Цуваа болон бөөн гараатай уралдаан ямар ялгаатай байдаг юм бэ?
Т. Энхжаргал: Цуваа гараатай уралдаанд дан ганц өөрийнхөө хүчээр уралддаг. Тамирчид нэг, нэг минутын зайтай гараад уралддаг болохоор хүний салхинд сууж амарна, хүчээ нөөж байж хүчээ шавхана гэсэн ойлголт байдаггүй. Харин бөөн гараатай тэмцээнд толгойгоо сайн ажиллуулж чадвал тавин хувийн хүчээр амжилт үзүүлж болно. Ингэхийн тулд тамирчин хүнд маш их туршлага хэрэгтэй байдаг.
-Дараа дараагийнхаа тэмцээнд амжилт гаргахын тулд бэлтгэлээ базааж байна уу? Боломж хэр харагдаж байна?
Ж. Даваатогтох: Ерөнхийдөө Азийн аваргын түвшинд хүрчихсэн хүнийг цааш нь ахиулж, дараагийн тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд бэлтгэлийг нь улам өндөржүүлэх хэрэгтэй. Дараагийн амжилт “Дэлхийн цом”-ын тэмцээнийг тооцоолсон байгаа. Учир нь түрүү жил дэлхийн аварга болсон тамирчны мэдээллийг татаж аваад судалгаа хийж үзсэн. Германы тамирчин түрүүлсэн байна лээ. Энэ тамирчин 24км 100м-д 32мин 27сек 42 долийн амжилтаар түрүүлсэн, дундаж хурд нь 45км/цагийн хурдтай байгаа юм. Харин Т.Энхжаргалынх 43,6км/ц байгаа. Тэгэхээр нэг километрт 5секунд ахиулж байж 20 км-т Дэлхийн аваргаас алт авах тооцоо гарсан. Энэ тооцооныхоо дагуу л ажиллана даа.
-Залуу Азийн аваргын мөрөөдлөөс хуваалцаж болох уу?
Т. Энхжаргал: Тамирчин хүн бүр Олимпийн алтан медаль авахыг мөрөөддөг байх. Би ч гэсэн үүнийг мөрөөдөж байна. Тиймээс дугуйн спортоор хичээллэх энэ кариерт надаас юу гарах боломжтой байна тэр бүгдээ л зориулах болно. Монголд дугуйн спортын эмэгтэй тамирчин их цөөхөн байдаг. Бэлтгэл сургуулалт хийхэд хамтрагч хэрэгтэй байдаг учраас миний “Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлагыг уншиж байгаа эмэгтэйчүүддээ хандаж “надтай хамт бэлтгэл хийх, дугуйн спортоор хичээллэж өндөр амжилт гаргая гэж бодож байвал бидэн дээр ирээрэй” гэж хэлмээр байна.
Ц.Баянбилэг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин
Сэтгэгдэл ( 1 )
mash sain bna ulam sain beltgel hiigeerei ok dasgaljuulagch ni utsaa yldeene uu>>>