Ил захидал
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд, өөрт тохиолдсон бодит байдлын талаар өчихөөс өөр аргагүй байдалд хүрсний учир зүрх гарган бичих болсныг минь болгоох буйзаа. Үүнийг бичихдээ зөвхөн өөрийн амин хувийг бодоогүй бөгөөд бодит үнэн байдлаас хэт хол зүйл байгааг мэдсэнээр үнэн мөнийг олохын төлөө эс хичээвээс шударга ёсонд үл нийцнэ гэж үзсэний учир юм.
Дэмчигжав овогтой Загдсүрэн миний бие, их спорттой ажил амьдралаа холбосноос хойш гуч гаруй жил болж байгаа бөгөөд спортын эмнэлэг диспансерт лаборантоос эхлэн спортын эмчээр ажиллаж, спортын анагаах ухааны чиглэлээр олон арван судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хамгаалан, улмаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны /МҮОХ/-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Намайг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хүлээж авахад Олимпийн хороо нь Спортын төв ордны III давхарт 5 өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын байгууллагаас олимпийн хороодод үзүүлдэг үйл ажиллагааны зардлын тэтгэлгийн мөнгөөрөө ажилчдынхаа цалинг залгуулдаг, олимпийн наадамд багаа оролцуулах арга хэмжээг зохион байгуулах төдий үйл ажиллагаа явуулдаг ийм л байгууллагыг хүлээн авч байлаа.
Энэхүү спортын нэр хүндтэй, өндөр хариуцлагатай байгууллагыг удирдах болсныхоо хувьд энэ байгууллагыг бие даалган ажиллуулах боломжийг судлах, тамирчдын амжилтыг ахиулж, олимпийн аваргатай болох, мөн олон улсын болон дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцааг бий болгох зэрэг ажлуудыг хийхийн тулд үндэсний олимпийн хорооны хамт олон, спортын холбоод, спортын зүтгэлтнүүдээс бүрдсэн томоохон багтай нягт хамтран ажиллаж олон орны ижил төрлийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж олон төрлийн судалгааг хийж ажилласан. Үүний үр дүнд Нэгд: Монголын Үндэсний олимпийн хороог өөрийн байртай болгох, Хоёрт: Спортын анагаах ухааны төвтэй болох, Гуравт: Олон улсын эв санааны нэгдлийн сан болон бусад түншлэлийн байгууллагуудаас дэмжлэг авч, спорт олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, Дөрөвт: Үндэсний олимпийн хорооны үйл ажиллагааг төр засгийн бодлоготой нягт уялдуулан хамтын ажиллагааны сайн түншлэлийг бий болгох, Тавд: Үндэсний Олимпийн хорооны ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг таван зорилтыг дэвшүүлсэн юм.
Миний бие МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа улсын төсвөөс огт санхүүждэггүй, орлогын ямар ч эх үүсвэргүй байгууллагыг удирдан зохион байгуулж, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хүнд байсан хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш үнэхээр шаргуу хичээн хөдөлмөрлөсний үр дүнд МҮОХ-г өөрийн байртай болгож, олимпийн музей, олимпийн номын сан, олимпийн бэлтгэлийн баазыг тус тус шинээр буй болгосон. Мөн бүх аймаг, дүүрэгт Олимпийн зөвлөл байгуулан ажиллаж Олимпийн сургалт, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн тул ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийг олимпийн танхимтай болгосон. Олимпийн хорооны ажилчдын нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэж орон сууцтай болгосон. Монголын болон дэлхийн шилдэг тамирчинд “бөртэ Чоно”, “Чингис Хаан” шагналуудыг санаачлан олгодог боллоо.
Товчхондоо хэлбэл, өнөөдрийн байдлаар МҮОХ-ноос дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэн өөрийн гэсэн ордонтой, спортын Анагаах ухааны төвтэй, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх олимпийн зөвлөлүүдтэй, ажилтнууд нь орон сууцтай, спортын холбоод нь ОУОХ-ноос үе шаттай хөтөлбөрүүд хэрэгжүүлж хэвшсэн, нэр хүндтэй байгууллага болж төлөвшсөн бөгөөд анхны олимпийн аваргууд төрж, олимпоос түүхэндээ байгаагүй олон медаль авсан гэх мэт олон арван амжилтуудад өөрийн гэсэн бодит оролцоог бий болгож чадсан байгууллага болгосондоо би сэтгэл их хангалуун явдаг билээ. Энэ бүх ажлыг хийхийн тулд би бүх хүчээ дайчлан, цаг нартай уралдаж, хувийн амьдралаа бүгдийг хойш нь тавьж, шөнө унтахдаа ч маргааш хурдан болоосой гэж бодож ажиллаж байсныг манай хамт олон хамтран зүтгэгчид маань сайн мэднэ.
Гэвч миний хийсэн санаачилсан ажлууд бүх хүний нүдэнд илт харагдаж, гарт баригдахуйц ойлгомжтой ил тод байх нь зарим нэг хүнд таалагддаггүй байсан юм. Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны гишүүн Ш. Магван гуай 2005 онд надад “Хүү минь чи Монголын олимпийн хөдөлгөөнд цоо шинэ эргэлт гаргалаа. Чиний хийж байгаа болгонд өвгөн би үнэхээр их баяртай байна. Би удахгүй ОУОХ-ны хүндэт гишүүн болно иймээс би чамайг өөрийн бүрэн эрхийнхээ дагуу ОУОХ-ны гишүүнд нэрийг чинь дэвшүүлнэ. Энэ бол хувь хүн чиний асуудал биш Монгол Улсын нэр хүндийн асуудал юм шүү” гээд миний нэрийг ОУОХ-ны гишүүнд дэвшүүлсэн юм. Нэр дэвшүүлсэн материал явснаас хойш 17 хоногийн дараа Даамны холбооны Ч. Бат-Эрдэнэ, Гандболын холбооны Д. Жаргалсайхан нар Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгчид, ОУОХ-ны ёс зүйн комисст, Азийн Олимпийн Зөвлөлийн /АОЗ/-ийн ерөнхийлөгчид анхны гүтгэсэн материалаа бичсэн юм. Тэр цагаас хойш Ч.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэлх 8 жилийн хугацаанд тэд ОУОХ, АОЗ, олон орны үндэсний олимпийн хороонд мөн ОУОХ-ны 91 гишүүнд нийтдээ 10 гаруй удаа худал гүтгэлэг бичсэн байдаг.
Би ОУОХ, АОЗ-өөс хэрэгжүүлдэг хөтөлбөр болгон дээр хэд хэдэн удаа шалгалт хийгдэж ямар нэгэн зөрчилгүй байсан тул дараа дараачийн хөтөлбөрүүд өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Хэрэв ямар нэгэн зөрчилтэй байвал шууд хаагддаг болно. Тэд дээрх газруудад бичихдээ МҮОХ-г байртай болонгуут үүнээс мөнгө идсэн, спортын анагаах ухааны төв барихад ОУОХ-ны хөрөнгөөр барьсан гэх мэтээр бичиж эцэст нь энэ нөхөр Д.Загдсүрэнг Олон Улсын олимпийн хөдөлгөөнд орох эрхийг хасаж өгөөч гэсэн байдаг юм. Мөн дээрх хоёр хүн олон удаа сонин, хэвлэл, ТВ-ээр худал гүтгэлгээ цацаж байсан. Тэр гүтгэлгийн мөрөөр МҮОХ-ны аудит шалгаж, ямар нэгэн алдаа дутагдал байхгүй гэдгийг нотолж МҮОХ-ны бүх гишүүдийн хурал, чуулганд тавьж байсныг МҮОХ-ны бүх гишүүд мэднэ. Хариу ингэж гарсны дараа тэд ОУОХ, АОЗ зэрэгт “Та нар ажлаа хийж чаддаггүй хүнд сурталтангууд, Д.Загдсүрэнгийн талд ажиллалаа” гэж олон улсын байгууллагыг доромжилсон бичиг явуулсныг нь тэд МҮОХ-нд хаяглан буцаасан байсан. Үүгээр зогсохгүй ОУОХ-ны ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад уг айлчлалыг зогсоох зорилгоор ОУОХ-нд хандан явуулсан бичигтээ “Танай Ерөнхийлөгчийг ирэх үед жагсаал, цуглаан хийж, суулт зохион байгуулах болно” гэсэн байсан. Тэр бичгийг МҮОХ-нд буцаан явуулж, биднээс “Танай Монголд юу болоод байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн айлчлал хийгдэх үү, аль эсвэл цуцлагдах уу? гэдгийг шийдэн нэн яаралтай хариу ирүүлнэ үү” гэж мэдэгдэж байсан юм. Тэдний олон жил нэг сэдвээр давтан давтан худлаа гүтгэлгийг үндэсний олимпийн хорооны гишүүд, аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийнхөн бүгд сайн мэддэг. Тэд улиг болсон тэр гүтгэлгээ 2013 оны 1 дүгээр сарын сүүлчээр Авилгалтай тэмцэх газарт өгснөөр Д.Загдсүрэн нарын хэрэг хэмээх сүр дуулиантай баривчилгаа зохион байгуулагдлаа. Одоо намайг Тамирчны нөхөн сэргэх сувилал, Олимпийн хорооны газар, Олон улсын олимпийн хорооноос хэрэгждэг төсөл хөтөлбөрийн асуудлаар шалгаж байна.
Иймээс эдгээр асуудлын талаар товчхон тайлбар хийх нь зүйтэй гэж би бодож байна.
-Спортын Анагаах ухаан, тамирчны нөхөн сэргээх төвийн тухайд бол: Спортын өндөр амжилт гаргадаг орнуудын хувьд “Спортын анагаах ухаан , тамирчны нөхөн сэргээх төв” нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр хүчин чадалтай байхаас гадна бүр төрөлжсөн хэлбэрээрээ ч байдаг. Энэ нь тамирчны бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн зохион байгуулж хангах, тамирчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах гээд мэргэжлийн талаас нь яриад байвал маш олон зүйл байдаг юм. Спортын дасгал сургуулилт, амжилтын ард спортын анагаах ухаан гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тамирчин бүрийн өрсөлдөөний цаана улс орнуудын спортын анагаах ухааны хөгжлийн хурц далд өрсөлдөөн байнга явагдаж байдаг.
Тэгээд ч Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4.2.2-т заасан “Төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэдээ биеийн тамир спортын үйлчилгээ үзүүлэх байгуулагуудыг бие даасан өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах, 8.1.4-т спортын АУ-ыг хөгжүүлэх, 21.1-т БТС-ын барилга байгууламжууд нь бүх төрлийн өмчийн хэлбэртэй байж болно” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн, МҮОХ-ны ерөнхийлөгч, Спортын анагаах ухааны цөм болсон сэдвээр зэрэг хамгаалсан анхны эрдэмтнийхээ хувьд Монгол Улсад Спортын Анагаах ухааны төв барих нь миний үүрэг хэмээн зориг шулуудан, 2008 онд “Бээжин-2008-Алтан медаль” хөтөлбөрийг боловсруулан, энэ төвөө барих ажилд яаравчлан орсон. Энэ төвийг барих санхүүгийн дэмжлэг авахын тулд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд П. Нямдаваа, БТСГ-ын дарга Г.Пүрэв-Очир нарт танилцуулахад маш ихээр дэмжиж байсан боловч төсөвт нэгэнт суугаагүй учраас мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх бололцоогүй гэхдээ үүнийг хийх нь танай спортын хувьд үнэхээр чухал зүйл шүү, аливаа салбар шинжлэх ухаангүйгээр ахиж дэвшихгүй учир зөв л чиглэлд явж байна гэж дэмжсэнд би одоо ч их баярлаж явдаг.
Ингээд санхүүжилтын асуудлаар хамт олондоо хандаж, санал солилцоход манай ажилтан Б. Наранцэцэг “Би хариуцаж ажиллая” хэмээн санаачлага гаргаж, банкны зээл авч спортын анагаах ухааны төвийн суурийг эхлүүлсэн түүхтэй. Тэгээд ч зөвхөн Б. Наранцэцэгийн зээлээр дуусгаж чадахгүй нь хэнд ч тодорхой болсон тул энэхүү спортын анагаах уахааны төвөө 2008 оны Олимпийн нэгдсэн цугларалтын өмнө дуусгахын тулд яаравчлан шаварт унасан шарын эзний үлгэрээр би өөрийн нэр дээр зээл авч, зарим нэг спортод элэгтэй хүнтэй хамтран ажилласны үр дүнд Спортын Анагаах Ухааны Төв бэлэн болж Бээжингийн олимпийн нэгдсэн цугларалтыг энэ төвдөө авч чадсан юм. Нэг үгээр хэлбэл аж ахуйн аргаар хувь хүмүүсийн хөрөнгөөр боссон байгууламж бөгөөд МҮОХ-ноос ямар ч хөрөнгө гараагүй юм. Манай судалгаа шинжилгээний баг энэ төвийн 2-р давхарт САУ-ы судалгааны ажлыг мэргэжил нэгт нөхдийн хамт ажлын бус цагаараа ажиллаж 2016 оны олимпод хүндийг өргөлт, холын зайн гүйлтийн төрөлд Монголын тамирчдын амжилт гаргах бие физиологийн боломжийг судлан ажиллаж байна.
-Газрын асуудлын тухайд бол уг нь их ойлгомжтой асуудал юм. Учир нь МҮОХ гэдэг байгууллагыг бүрдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгийн нэг нь спортын холбоод бөгөөд бүгд нийлж МҮОХ гэдэг нэгэн дээвэр дор үйл ажиллагаагаа хамтран явуулж байдаг. Харин эдгээр холбоодын зарим нь хөрөнгө санхүүгээ бие даан шийдвэрлэж чадсан, төсөл нь бэлэн болсон нь хүсэлтээ тавьж МҮОХ-ны нэр дээр байдаг газраа өөрсдийн холбооны нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн тохиолдолд бид журмынхаа дагуу Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хотын захиргаанд уламжлан шийдвэрлүүлж ажилладаг. Энэ нь МҮОХ-ны төлөвлөгөөнд орсон Спортын хотхон байгуулах үндсэн чиглэлд нийцэж байгаа бөгөөд цаашилбал холбоодын бие даан хөгжих хөгжил дэвшлийг дэмжихийн тулд баримталдаг зарчмын асуудлын нэг юм. Жишээлбэл, Байт харваа, Бейсбол, Регби, Олимп сургалтын төв, Спортын Анагаах ухааны төвд холбогдох газруудыг нь олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, УБ хотын газрын албанд шийдвэрийг хүргүүлсний үндсэн дээр тэд газар эзэмших гэрчилгээгээ авсан.
МҮОХ-ны гишүүнчлэлтэй 60 гаруй спортын холбоодоос ердөө хөлбөмбөг, үндэсний бөх хоёр л өөрийн байртай бөгөөд бусад нь өөрийн гэсэн ямар ч байр, талбайгүй байгаа юм. Иймээс энэ орчинд цаашдаа Регбигийн битүү ордон, Бейсболын, Байт сурын орчин үеийн стандартад нийцсэн талбай, спортын холбоодын 14 давхар бэлтгэлийн төв зэрэг байгууллагууд баригдаж, нийтдээ 30 гаруй спортын төрөл бэлтгэл сургуулилтаа хийдэг спортын бичил хотхон болох юм. Бүтээн байгуулалтын ажлууд 2016 он гэхэд ерөнхийдээ цэгцэрнэ.
-ОУОХ-ны эв нэгдлийн сангаас спорт холбоодын бүтцийг сайжруулах, багийн спортыг дэмжих, олимпод оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, дасгалжуулагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Намайг ажил авч байх үед энэ хөтөлбөрөөр 4-5 сургалт арваад мянган доллорын санхүүжилттэй явагддаг байсан. ОУОХ-ноос зарласны дагуу манай мэргэжилтнүүд спорт холбоодтойгоо хамтран дэмжүүлэх төслөө бичиж тэр шалгуурт нь нийцсэн бол төсөл хэрэгждэг билээ. Уг төслийн санхүүжилтийн 75 хувь нь эхэлж санхүүждэг ба хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн тухай тайланг явуулж ОУОХ-ны аудитаар хянагдсаны дараа үлдэгдэл 25 хувь нь төсөлд зарцуулахад бэлэн болдог. МҮОХ-ны идэвхтэй ажиллагааны үр дүнд сүүлийн жилүүдэд жилд нийтдээ 250 орчим мянган ам.долларын төсөл хэрэгждэг болгосон нь мөн л тамирчдад зориулсан санхүүжилтийг авч хэрэглэж байсан юм шиг ойлгуулахыг оролдож эхэлсэн.?? Эдгээр хөтөлбөр нь холбоодын нэр дээр хийгдэж, хэрэглэгч нь мөн холбоо буюу тамирчдад дээр хэрэгждэгийг спортынхон бол мэднэ. Энэ учрыг мэдэхгүй хүмүүст шууд авч хэрэглэдэг мэтээр ойлгуулахыг оролдож байгаа нь мөн л ёс суртахуунгүй авирласан худал гүтгэлэг юм. МҮОХ жил бүрийн эцэст МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан мөн хянан шалгах зөвлөлийн санхүүүгийн тайлангаа бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, сэтгүүл болгон аймаг , дүүргийн олимпийн зөвлөл, спортын холбоо, МҮОХ-ны гишүүдэд хүргүүлдэг юм. МҮОХ-ны төсвийг оны эхэнд Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлаад түүнийгээ мөрдөн ажилладаг болно.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль нь дөрвөн жилд нэг удаа болдог. 2012 оны 12 дугаар сарын 19-нд ээлжит сонгууль нь болсон. Гэхдээ энэ удаагийн сонгууль шиг ийм хачин нөхцөл байдалтай, суудал сандлын арилжаа наймаа ярьсан сонгууль урьд өмнө нь болж байгаагүйг манай спорт, олимпийн зүтгэлтнүүд гайхаж байгаатай би санал нэг байгаа. Уг нь би энэ удаад МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн бодолтой байсан. Та санаж байгаа байх. ОУОХ-ны Ерөнхийлөгчийн шагналыг танд гардуулах үедээ, МҮОХ-ны ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар нэрээ татах бодолтой байгаа гэдгээ танд хэлж байсныг. Би тийм бодолтой байсан. Харамсалтай нь сонгуулийн өмнөхөн болсон үйл явдлууд болон нэр дэвшигч Д. Баясгалан надтай уулзсанаас хойш энэ бодлоо эргэн харахад өөрийн эрхгүй хүргэсэн.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Баясгалан надтай уулзаж, “Д.Дорлигжав нэрээ дэвшүүлэнэ гэж байна тэр таны талаар ямар нэгэн баримт цуглуулсан байна. Нэрээ татахгүй бол хэрэгт холбогдуулж магадгүй юм шүү. Хэрэв энэ тохиолдолд та нэрээ татаад, намайг дэмжвэл, би Дорлигжавтай ярьж түүнд мөнгө өгөх юм уу өөрийн бизнесдээ оруулах замаар болиулах арга хэмжээ авья. Энэ бол таныг, бас МҮОХ-г бодсон хэрэг. Дорлигжав гарснаас би гарсан нь дээр. Дорлигжав бас намайг таны хамсаатан юм байна шүү” гэсэн. Үүнээс гурав хоногийн дараа дахин Баясгалан надтай уулзаад, “Би Дорлигжавтай уулзлаа. Заавал нэр дэвшинэ гээд байна. Жүдогийн холбооноос Баттулга сайд нэр дэвшинэ гэж байсан юм байна. Сайдыг Говь-Алтайд ажлаар явж байхад нь холбооных нь ерөнхий нарийн бичгийн дарга Бөхбатыг Дорлигжав дуудан, би нэр дэвших болсон гээд албан бичгийнх нь нэрийг солиулсныг Баттулга сайд мэдээгүй байгаа юм байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ талаар би өөрийн хамтран зүтгэгчидтэйгээ ярилцаад “Албан тушаал, эд хөрөнгөөр далайлгасан нэр дэвшигдээс МҮОХ-г, бүр тодруулж хэлбэл: хийж бүтээсэн гавъяатай хамт олноо, тэдний хийж бүтээх их ажлын ирээдүйг хамгаалах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн. Бидний энэ шийдвэр Монголынхоо олон түмэн тамирчдын өмнө өөрийн нэр төрөө хамгаалахаас илүүтэй, ОУОХ-ны өмнө Монгол Улсын нэр хүнд МҮОХ-ны хэвийн үйл ажиллагаа болон ил тод байдлыг батлан харуулахад оршиж байсан.
Их спорт гэдэг хурд, хүч, авхаалж самбаа сорьсон шударга өрсөлдөөн байдаг шигээ МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудал гэдэг шударга өрсөлдөөний талбар байх ёстой гэдэгт би бат итгэлтэй байдаг хүн. Ингээд сонгуулийн өмнөх нэг сарын хугацаанд албан тушаал эрх мэдлийн арилжаа наймааны саналаас хол байхын тулд гар утсаа салгаж, амралтаа авч, Хөдөө бүтэн сар явж байгаад сонгууль болохын өдрийн урд шөнө ирсэн билээ. Намайг бүтэн сар байхгүй байсныг манай спортынхон бүгд мэдэж байгаа. Энэ үед миний болоод хамтран зүтгэгчидийг минь гутаан доромжилсон ярилцлага гүтгэлгүүд ар араасаа цувран гарч эхэлсэн юм.
Ингээд төлөвлөгдсөн ёсоороор МҮОХ-ны чуулган болж Д.Дорлигжав дарга төрийн өндөр албан тушаал хашиж буй учир манай дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх боломжгүй тул нэрээ татаж Д.Баясгалан бид хоёр өрсөлдөж би 80/26-иор ялсан. Энэ үед Дорлигжав Увс аймгийн олимпийн зөвлөлийн дарга Д.Төрмөнхийг явуулж, Тэргүүн дэд ерөнхийлөгч болмоор байна гэдэг саналаа надад тавьсан. Хариуд нь би “За ямар ч гэсэн дэд ерөнхийлөгч болгохын төлөө ажиллая” гэдгээ хэлүүлсэн. Мөн зарим нэг тамирчид “Дорлигоог тэргүүн дэд болгомоор байна” гэдэг асуудлыг надад дахин дахин тавьж байсан. Дамын яриа дамжуургатай гэдэг учраас би Дорлигжав прокурортой өөртэй нь биечлэн уулзаж, зарим хүмүүсийн ярьсан асуудлын талаар лавлан ярилцсан. Тэрээр “Баясаа юу гэж бодох бол, энэ залуучууд намайг бол гээд байгаа юм, та өөрөө зөвшөөрч байвал болохгүй ч юм байхгүй л дээ” гэснээр бидний яриа өндөрлөж, би түүнийг тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлэн батлуулсан юм.
Үйл явдал сонгуулиар дууссангүй. Би одоо АТГ-т шалгагдаж байна. Албан тасалгаа, гэр, тэр ч бүү хэл ах дүүсийн минь заримын гэрт нэгэн зэрэг АТГ-аас нэгжлэг хийж, баривчлан гэр бүлийнхэнтэй маань уулзуулалгүй 20 хоног хорьж цагдлаа. Одоо ч шалгалт дуусаагүй байгаа.
Бас өнөөдөр олон хүн надад “МҮОХ-ны дүрэмд МҮОХ-ны ерөнхийлөгч ажлаа хийх боломжгүй болсон тохиолдолд тэргүүн дэд ерөнхийлөгч түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Түүнийг Дорлигжав хэрэгжүүлэх гээд улайраад байгаа юм биш үү” гэж ч хүртэл хэлж байгаа, гэвч би хүмүүсийн хэлээд байгаа шиг сэжиг таамагт итгэхгүй байна. Учир нь тэр хүн нэг талаасаа спорт, олимпизмийн үйл хэргийн төлөө зүтгэхээр өөрөө хүсэлт гаргаж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч болж, их спортын төлөө хамтран зүтгэж байгаа хүн, нөгөө талаасаа “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж ажиллана” гэж тангараг өргөсөн прокурорынхоо хувьд ийм ухвар мөчид зүйл хийхгүй байх, тийм байх ч учиргүй гэдэгт би гүнээ итгэж байна.
Би “Хийж байгаа үйл, хэлж байгаа үг бүхнээ тунгааж бай, тэр бүхэн чинь үр хойчид чинь өнгө будгаа тусгах үйлийн үрийг дагуулж байдаг юм шүү” гэж сургаж өсгөсөн эцэг эхийнхээ үг сургаалийг ямагт санаж, хийж байгаа бүхэн минь хууль, дүрэм, журмыг зөрчихгүй байх ёстой гэдгийг өөрийнхөө ажил амьдралд мөрдлөг болгож ирсэн хүн. Хэн нэгний башир арга худал гүтгэлэг эх орныхоо нэр төрийг өндөрт өргөхийн төлөө хариуцсан ажилдаа цаг нарыг мартан зүтгэсэн олон хүмүүсийн урам зориг сэтгэл зүрхийг мохоож чадахгүй юм. Үнэн мөнийг хууль хяналтын байгууллага олж тогтооно гэдэгт итгэж байна. Төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэдэг дээ.
ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ТА Монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд бас спортыг дэмжигч хүний хувьд миний болоод бусад олон хүний хувьд итгэл алдарсан, эргэлзэж тээнэгэлзсэн, хардаж сэрдсэн өнөөгийн энэ хачин нөхцөл байдлыг анхааралдаа авч, ээдрээ зангилааг тайлахад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэж үүнийг бичлээ.
Таныг хүндэтгэсэн,
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д. ЗАГДСҮРЭН