Баярлалаа. Үе тэнгийнхээ ур чадвар нь өсч байгаа гурван бөхтэй барилдаж түрүүлсэндээ баяртай байна. Эхлээд Л.Хонгорзул, дараа нь Орхон аймгийн Э.Оюун-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн А.Батцэцэгтэй нартай барилдсан, бүх барилдаан л хэцүү байсан. Манай жингийн тэргүүлэх бөх С.Бямбацэрэнтэй гарцаагүй таарна гэж бодож байтал Б.Номин-Эрдэнэд дийлдээд дээшээ гарч ирээгүй. Гэхдээ дараа олон таарч барилдах байх.
УАШТ-нд шувтаргын барилдаанд С.Бямбацэрэнтэй хийсэн барилдааны тухай ямар сэтгэгдэлтэй байна?
Тухайн үедээ их харамсаж байсан, одоо мартсан, урьд олон тэмцээн байна. Насанд хүрэгчдийн энэ УАШТ надад сайхан дурсамж үлдээлээ. Мөнгөн медаль хүртсэний дараа үндэсний шигшээ багт орлоо, их хариуцлага ирж байгааг ойлгож байна, хичээх болно.
ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн нийгмийн ажилтны ангид хоёрдугаар дамжаанд суралцаж байна. Бэлтгэл сургууль гээд зав багатай ч ангийнхаа хүүхдүүдээс хоцрохгүй гэж хичээлдээ байнга суухыг чармайдаг. Уг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх, 2004 онд нийслэлд ирж Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуульд шилжин суралцаж хотынх болсон.
Манай “Алдар” нийгэмлэгийн П.Цолмон бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Тэгээд П.Цолмон эгч чөлөөт бөхөөр хичээллээд байхаар нь дууриагаад “Алдар” нийгэмлэгт 2007 онд орж Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн шавь болоод одоо бараг зургаа дахь жилдээ хичээллэж байна. Анх 38 кг-ийн жингээс эхэлж жин өгссөөр одоо 55 кг-ийн жинд барилдаж байна. Хойшид яахыг бүү мэд.
Энэ жил таны хувьд их амжилттай байна, он дөнгөж талдаа орж байна шүү дээ?
Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнээс энэ жил мөнгөн медаль хүртэж гадаадын тэмцээнээс медаль авч их баярлаж байлаа. “Mongolia Open 2013” том тэмцээнд алт медаль авч бүр ч баяртай байна. Оюутны наадамд дээд жиндээ барилдаж түрүүлсэн, Универсиад наадамд явуулах эсэхийг багш нар л мэдэх байх. Залуучуудын ДАШТ, Азийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хэдэнтээ оролцоод медаль хүрээгүй. Энэ жил 20 настай. Залуучуудын тэмцээнээс нас хэтрэх гээд байна. Ийм болохоор энэ жил залуучуудын дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд сайн барилдах зорилго тавьж байна.
Сая тэмцээнээс ямар сургамж авав, ямар алдаа оноо олж харав?
Надад зөндөө алдаа бий, багш нар ч хэлдэг, би ч өөрөө олж харж байгаа, алдаануудаа засахын төлөө л явж байна. Гол алдаа гэвэл барилдааны төгсгөлийг сайн хийж чадахгүй байна, авсан оноогоо хамгаалах гэдэг том ур чадварыг эзэмших хэрэгтэй байна. Би давхар хамах, хөл шилбээр авах мэх голдуу хийж оноо цуглуулдаг, дархан мэхийг олон хувилбараар ямар ч нөхцөл байдалд хийж сурах хэрэгтэй юм шиг надад бодогддог.
Сэтгэгдэл ( 0 )